Ерөнхий сайд зам тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-05 08:29:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар есөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээс гадна  “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар" Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
 
Чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хог хаягдлын тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Баяжуулсан хүнсний тухай,  Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай", "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Чуулганы дэгийн тухай хуулиар Ерөнхий сайдын мэдээллийг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ