Хил дамнан мал хулгайлах гэмт хэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:31:22

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболдын санаачилгаар “Хил орчмын мал хулгайлахтай тэмцэх” сэдэвт уулзалт, зөвлөлгөөн зохион байгууллаа.

Тус аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын малчин ард иргэдийн адуу мал нь хөрш ОХУ-ын иргэдэд алдагдаж байгаа асуудлыг илрүүлэх, таслан зогсоох болон цаашид хийх ажлыг тодорхойлох зорилгоор аймгийн Засаг дарга, Хилийн цэргийн 0165, 0285 дугаар ангийн удирдлага, аймгийн прокурорын удирдлагуудын дунд “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй” асуудлын хүрээнд хэлэлцүүлэг явуулав.

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт 2015 оны эхний есөн сарын байдлаар нийт бүртгэгдсэн 203 гэмт хэргийн 57 буюу 28.1 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.

Бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 27 буюу 47.3 хувийг мөн л мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.  2015 оны эхний 9 сарын байдлаар эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 19 хэргээс 13 хэрэгт нь ял сонсгож мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт нь 68.4 хувьд хүрчээ.

Мал хулгайлах гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хэргээр буюу 59 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд үүнээс хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэг 13,3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.

Иймээс уулзалт, зөвлөлгөөнд оролцогчид мал хулгайлах гэмт хэргийн өсөлтөнд гол нь хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэг нөлөөлсөн гэж үзэж цаашид тодорхой ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ гэж тус аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Ш.Айзаря

 

 

Холбоотой мэдээ