Сирид химийн дайралт хийсэн гэх хэргийн шалтгалтын дүн 2-3 хоногийн дараа гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-04-15 13:06:57
ГААГ. /ВВС/. Сирид өнгөрсөн долоо хоногт химийн зэвсэг ашиглан дайралт хийсэн гэх хэргийн мөрдөн шалгалтын дүн 2-3 долоо хоногийн дотор гарна гэж Химийн зэвсгийг хориглох байгууллага /ХЗХБ/ мэдэгдлээ.
Тус байгууллагын удирдах зөвлөлийн уулзалт өчигдөр Нидерландын Гааг хотод болжээ.
Дөрөвдүгээр сарын 4-нд Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид химийн дайралт хийсэн гэх хэргийг тус байгууллагын шинжээчид шалгаж байгаа юм. Шинжээчдийн хэлснээр, химийн зэвсэг ашиглан дайралт хийсэн байх магадлал тун өндөр байна.
Энэ хэргийг мөрдөн шалгахад хамтран ажиллахыг холбогдох бүх улсад ХЗХБ-ын ерөнхий захирал Ахмет Узумчу уриаллаа.
Сирийн хөрш Туркийн шинжээчид хэлэхдээ “хохирогчдоос авсан цус болон шээсний шинжилгээний хариуг харахад мэдрэлд нөлөөлдөг, маш хортой зарины хий ашиглан дайралт хийсэн нь илэрхий байна” гэсэн юм.
Химийн дайралтын хариуд АНУ Сирийн агаарын цэргийн хүчний баазад пуужингаар цохилт өгсөн билээ. Энгийн номхон иргэдийн эсрэг химийн дайралт хийсэн гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрыг Вашингтон буруушааж байгаа юм.
Харин Асадын засгийн газрыг дэмждэг ОХУ “АНУ ямар ч үндэслэлгүйгээр Сирийн засгийн газрыг буруушааж байна” гэж үзэж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ