Сүрьеэгийн эмч нарт халдвар хамгааллын хувцас, хэрэглэл дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-13 03:39:36

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч нар халдварын эрсдэл өндөр бүсэд ажилладаг ч хамгаалалтын хувцас хэрэглэлээр дутагдаж байна.

Агаар дуслын замаар дамжин халдварладаг сүрьеэ өвчний халдварын эрсдэл өндөр бүсэд өнөөдрийн байдлаар 24 эмч ажиллаж байгаа юм. Угтаа тэд аюулгүй байдлаа хангах үүднээс малгай, амны хаалт, халадыг өдөр тутам сольж байх шаардлагатай ч өнөөдрийн нөхцөлд ийм боломжгүй байна. Наад зах нь амны хаалтаа заавал солих шаардлагатайг харгалзан энэ удаад ДЭМБ-ийн Глобал сангийн санхүүжилтээр амны хаалтаар хангахаар болжээ.

Сүрьеэгийн тасгийн эмч ажилтнуудын хэрэглэж байгаа амны хаалт нь энгийнхээс ялгаатай, олон давхар шүүлтүүртэй, тусгай зориулалтын байдаг. Энэ мэтчилэн тулгамдаж байгаа асуудлыг ЭМГ-аас анхаарч шийдэхээ илэрхийлсэн. Юун түрүүнд тус тасгийн эмч ажилтнуудын эрүүл мэндийн байдалд үзлэг дүгнэлт хийх ажлыг эхлүүллээ.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ