Гадаадын тагнуулуудын талаар мэдээлэл өгсөн хүмүүсийг Бээжингийн захиргаа их хэмжээний мөнгөөр шагнана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-10 15:14:08

БЭЭЖИН./ВВС/.Гадаадын тагнуулуудын талаар мэдээлэл өгсөн хүмүүсийг их хэмжээний мөнгөн шагналаар шагнана гэж Хятадын нийслэл Бээжин хотын захиргаа мэдэгдлээ.

Бээжингийн оршин сууугчид тагнуулын талаар нууц мэдээлэл өгөөд 500 мянга хүртэлх юанийн шагнал авах боломжтой аж.

Тус хотын албаны хүмүүс мэдэгдэхдээ “хорон санаатнуудтай тэмцэж, тагнуулуудаас улс орноо хамгаалах төмөр “Цагаан хэрэм”-ийг аажмаар барихад ард түмэн туслах хэрэгтэй байна” гэв.

Тухайн мэдээллийн ач холбогдлоос хамааран мөнгөн шагналын хэмжээ 10 мянгаас 500 мянган юанийн хооронд хэлбэлзэх аж.

Энэ оны нэгдүгээр сард Хятадын Зянсу мужийн загасчид загасчилж байгаад “гадаад үгтэй бичээс бүхий үл мэдэх биет” олоод албаны хүмүүст хүлээлгэн өгчээ.

Уг биет нь “Хятадын талаарх мэдээлэл цуглуулдаг тагнуулын төхөөрөмж” болохыг хожим нь тогтоосон гэж албаны хүмүүс хэлэв.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ