Хорих ангиудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-22 15:44:32

ХЭҮК хорих ангид хийсэн хяналт шалгалтын дүнг нэгтгэн өчигдөр ШШГЕГ болон тус газрын харьяа хорих ангиуд, саатуулах байрны удирдлагууд, ажилтан алба хаагчдыг байлцуулан дүнгийн хурал хийлээ.

ХЭҮК энэ оны 9 дүгээр сарын 21-23-нд ШШГЕГ-ын харьяа Гадаадын иргэдийг саатуулах байр, хорих 411 дүгээр анги, хорих 401 дүгээр ангид, 10 дугаар сарын 5-8-нд ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр анги, хорих 407 дугаар ангид хүний эрхийн хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн "Хорих ангийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” (CS 11-0234:2013 дугаартай) стандартыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, ялтны эрхийг бодитойгоор хангах нөхцлийг бүрдүүлэх, ялтнаар ээлжийн бус ажил хийлгэх, ажлын нөхцлийг өөрчлөх гэсэн сахилгын шийтгэлийн төрөл нь Албадан хөдөлмөрийг хориглох тухай 29, 105 дугаар конвенцийг зөрчиж байгаа тул хэрэглэхгүй байх, ялтнуудаас санал хүсэлт авах, өргөдөл гомдлыг саадгүй хүлээн авч шийдвэрлэх механизм доголдолтой байгааг засч сайжруулах, НҮБ-ХЭҮК-ын "Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм”-ийн 21-д заасныг хэрэгжүүлэх, хорих ангийн ялтны амьдралын бүсэд болон гадна аж ахуй дээр ажиллаж буй ялтнуудад хөдөлмөрт нь тохирсон цалин хөлс олгох, жирийн дэглэмтэй ялтнуудад оногдох талбайн хэмжээг Хорих ангийн дотоод журамд нийцүүлэх, жирэмсэн болон нярай хүүхэдтэй ялтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасны дагуу төрөөс сар бүр олгож буй мөнгөн тэтгэмжийг олгох асуудлыг холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.

Шалгалтын дүнг үндэслэн ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ