Орон нутгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-29 23:28:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд тохиодог “Дэлхийн Эрүүл мэндийн өдөр”-ийг угтаж дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг уламжлалтай.

Энэ өдрийг угтаж аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Эрүүл Мэндийн газар хамтарч “Тусламж үйлчилгээнд-Эмчийн манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Засаг даргын Нийгмийн асуудал, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга А.Янжмаа, аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн Эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга нар болон төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл 90 гаруй хүн оролцлоо.

Аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл: “Энэ удаагийн хэлэлцүүлгээр бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж эх хүүхдийн тусламж үйлчилгээнд болон эмч мэргэжилтнүүдийн тулгамдаж буй нийгмийн асуудал зэрэг үндсэн гурван сэдвээр хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүргийг хүлээдэг эрүүл мэндийн салбарын цаашдын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудлаар салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Эрүүл мэндийн салбарт ойрын хэрэглээний тоног төхөөрөмжөөр хангагдсан боловч мэргэжлийн эмч, тэр дундаа цээжний хөндийн үрэвслийн эмч, хүүхдийн шүдний эмч зэрэг нарийн мэргэжлийн эмч дутмаг байна. Гэтэл аймгийн эрүүл мэндийн байгууллагад шинэ орон тоог батлах төсөв санхүүгийн боломж байдаггүй учраас одоо ажиллаж буй эмч нараа давхар мэргэшүүлж ажиллуулах шаардлага тулгардаг. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын манлайллаар дамжуулж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг төлөвшүүлнэ” гэв.

Мөн үеэр Нэгдсэн Эмнэлгийн хүүхдийн тасгийн их эмч В.Шаравжамц: “Бид нэгэнт хүний амь нас, эрүүл мэндийн сахин хамгаалахаар тангараг өргөсөн хүмүүс. Хэдийгээр ажлын нөхцөл хүнд, тоног төхөөрөмж хангалтгүй, цалин хөлс бага, ажлын ачаалал их зэрэг тоочих зовлон их байвч хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх нь эмч хүний эрхэм чанар юм” гэв. Эцэст нь аймгийн Нэгдсэн Эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга: “Монголын тэр дундаа орон нутгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог өнөөгийн нөхцөл байдал, хүн амын бодлого, үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцэхүйцээр өөрчлөх шаардлагатай байна” хэмээв. Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ: “Эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг сайжруулах, мөн эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай илэн далангуй нээлттэйгээр хэлэлцсэн салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье гээд оролцогчдын гаргасан саналуудыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилж  аймгийн ИТХ, Засаг даргын бодлого шийдвэрт тусгаж ажиллана” гэлээ.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ