“Болжмор” клубын анхдагчид энэ хавар сургуулиа төгсөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-19 21:28:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа 2008-2012 онд “Төвшин сэтгэл сан”-гаар дамжуулж хүүхэд бүрт ном уншуулах “Номтой нөхөрлөе” аяныг зохион байгуулж энэ хугацаанд давхардсан тоогоор 52 мянга гаруй хүүхэд хамрагдаж байжээ.

Аяны үр дүнд Шарын гол сумын Хоёрдугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчид “Болжмор” клуб байгуулж хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх аяныг орон нутагтаа үргэлжүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд тус клубын сурагчид уншсан номоороо жүжигчилсэн тоглолт хийж номын тэмдэглэл хөтлөх, бяцхан дүү нартаа дуртай номыг нь уншиж өгөх зэргээр үеийн нөхдөө ертөнцийг харах цонх болсон номонд шунан дурлуулах ажлыг олон аргаар зохион байгуулдаг тухайгаа ярьж байв. Тус клуб нь жилээс жилд хүрээгээ тэлсээр олон гишүүдтэй болж анхдагч “Болжмор”-ууд энэ хавар сургуулиа төгсөх аж. Энэхүү анхдагчид тус сумын 12 жилийн хоёрдугаар сургуулийн таван  бүлгийн 116 сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгож суралцах талаар эрхэм гишүүн Д.Хаянхярваа өөрийн туршлагаас хуваалцаж зөвлөгөө өгч харилцан санал  солилцлоо.

Уулзалтын үеэр төгсөх ангийн сурагчид УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг “Бидний болжмор найз” хэмээн хүндлэн дуудаж хүүхэд насанд маань ном уншуулж сургасанд баярлалаа хэмээн талархал илэрхийлэв. Эцэст нь Д.Хаянхярваа: “Хүүхдүүд та бүхэн ирээдүйн мэргэжлээ сонгохдоо эхлээд аав ээжээсээ, дараа нь эрдэм номын үүдийг нээсэн багшаасаа, эцэст нь 10 жил нэг ширээнд тохой залган суусан найз нөхдөөсөө асуу. Мөн хамгийн чухал нь өөрийн дотоод сэтгэлээ сайн сонсч би юуг хамгийн сайн сурч хийж чадах вэ гэдгээ сайн бодож байж шийдвэрээ гаргаж байгаарай. Хэн нэгнийг дагаж гэнэн томоогүй зангаар хүсээгүй мэргэжлээ битгий сонгоорой. Чиний хамгийн сайн чаддаг мэддэг бүхэн залуу насанд чинь амьдралын хэвшил болж ирээдүйдээ итгэлтэй амьдрах түлхүүр болох юм.  Амьдралдаа зорилго тавьж түүнийхээ ард гардаг байх нь амжилтын үндэс. Хөрөнгөтэй мөнгөтэй бүхэн сайхан амьдардаггүй, харин зорилго тэмүүлэлтэй, байгаа амьдралдаа сэтгэл хангалуун хүн л аз жаргалтай амьдардаг юм шүү. Ертөнцийг танин мэдэх номыг эрхэм нөхрөө болгож эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон Монгол эх орныхоо ирээдүйн хөгжлийг атгагч иргэн болоорой” хэмээн ерөөлөө.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ