“Эрдэнэс Тавантолгой” 206 ажилтнаа “ТТ JV КО” компанид шилжүүлэх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-21 15:59:19

“Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн удирдлагууд санхүүгийн хямрал нэрийн дор  206  ажилтнаа гадаадын хөрөнгө оруулалттай “ТТ JV КО” компанид шилжүүлэхээр тохиролцсоныг эсэргүүцэн уурхайчид мэдээлэл хийлээ.

Тэд  “206 ажилтны цалингаас болж “Эрдэнэс Таван Толгой” компани санхүүгийн доройтолд орохгүй. “ТТ JV КО”  компанийн хоёр жилийн гэрээт хугацаа нь дуусахаар  бид  ажилгүй болно” хэмээн онцлов.

 “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ярихдаа, “200 гаруй ажилтныг өөр компанид шилжүүлснээр “Эрдэнэс Таван Толгой”  компанид бараг ажилтан үлдэхгүй. Энэ нь цаанаа маш том хардлага төрүүлж байна. Эрдэнэс таван толгой компани ашигтай ажиллах бүрэн боломжтой. Ажилчид компаниа ашигтай ажиллуулахын төлөө үрэлгэн зарлага, өмч шамшигдуулахаас эхлээд хариуцлагагүй байдалд хяналт тавих хамтын гэрээ  байгуулахаар удирдлагуудад өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл бидэнд ямар ч хариу өгөөгүй.  Үйлдвэрчний эвлэл байгуулан 2001 оноос хойш дээрх ажлыг хэрэгжүүлэхээр олон  бэрхшээлийг тууллаа.  Энэ сарын 12-нд  хамтын гэрээний төслийн талаар захиргаанаас   Уулын хэсгийн болон засварын хэсгийн нийт 206 ажилчныг “ТТ JV КО” компанид шилжүүлэх болсон тул “Хамтын гэрээ” байгуулах хэрэг байна уу гэсэн хариу өгсөн.  Тиймээс Үйлдвэрчний эвлэлээс яагаад “ТТ JV КО” компанид ажилтнуудыг шилжүүлэх болсон шаардлага, шалтгаан, нөхцөл, гэрээний хөдөлмөрийн харилцаа зохицуулалтыг танилцуулахыг хүссэн ч албан ёсны мэдээлэл өгөөгүй.Тиймээс ажлын 5 өдрийн хугацаатай эсэргүүцлийн суулт зарлаж, үүссэн асуудлуудыг тодруулж компанийн хэмжээнд шийдвэрлэхийг хичээсэн. Тиймээс өнөөдөр нийгэмд зөв ойлголт өгөх үүднээс мэдээлэл хийж байна” гэв.

 Б.Заяа

Холбоотой мэдээ