Монгол цэргийн өдрөөр их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-18 14:51:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жил, Монгол цэргийн өдрийг угтан Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр "Манай ангийн хамт олон энэ жилийн хувьд бүтээн байгуулалт, цэргийн сургалт гээд багагүй амжилттайгаар эр цэргийн баяраа угтаж байна. Малын гоц халдварт шүлхий өвчний үеэр арван цэргийн алба хаагч, хоёр энгийн ажилтан, хоёр сувилагч дайчлагдан ажиллаж өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Мөн цэргийн сургалт бэлтгэл, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн бэлтгэлийн талаар төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу сургалт явуулж, зохих хэмжээний шалгалтаар амжилттай дүн үзүүлсэн. Бүтээн байгуулалтын хувьд энэ жил анги өөрийн хөрөнгөөр 200 цэргийн байр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна. Ингээд нийт Сүхбаатарчууддаа, цэргийн хүрээний нийт бие бүрэлдэхүүнд Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье "хэмээн Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн дахирагч, хурандаа Д. Нямсүрэн хэллээ.

Мөн энэ өдөр анги хамт олноо ажил үйлсээрээ манлайлсан албан хаагчдыг Дайчин алдар, Эх орны төлөө, Батлан хамгаалах яамны жуух бичиг, Спортын мастер цол тэмдэг, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналуудаар шагнаж урамшуулсан юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ