Дэлхийтэй төстэй долоон гарагийг олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-23 09:19:31

ЛОНДОН./Reuters/. Нарны аймгаас 40 гэрлийн жилийн зайтай орших, дэлхийтэй төстэй долоон гарагийг олон улсын эрдэмтэн судлаачдын баг нээн илрүүлжээ.

Бельги, АНУ болон бусад улсын судлаачид энэхүү нээлтийнхээ талаарх мэдээллийг шинжлэх ухааны “Nature” сэтгүүлийн цахим хувилбарт өнөөдөр нийтэлсэн байна.

Тэдний олж илрүүлсэн TRAPPIST-1 гэдэг одыг тойрон эргэдэг долоон гараг нь дэлхийтэй хэмжээ болон жингээрээ ойролцоо аж.

Судлаачид хэлэхдээ “эдгээр гараг ба TRAPPIST-1 хоорондын зай болон гарагуудын жинг харьцуулан дүгнэхэд, гарагуудын гадаргуу дээр мөс бус харин ус байх магадлал өндөр байна” гэв.

Эдгээр долоон гарагийн зургаа нь чулуулаг хатуу гадаргуутай байна гэж тэд хэллээ.

Дэлхийтэй ижил төстэй гарагуудыг урьд өмнө нь илрүүлж байсан юм. Харин Нарны аймагт харьцангуй ойрхон орших нэг одыг тойрон эргэлдэж буй ийм олон гарагийг олж илрүүлсэн нь анхны тохиолдол юм.

Одон орон судлаачид эдгээр гарагийг ажиглахдаа НАСА-гийн “Spitzer Space” дуран авай болон бусад есөн дуран авайг ашиглажээ.

Энэ долоон гараг дээр ус, амьдрал байгаа эсэхийг судлахын тулд АНУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн сансрын дуран авайг ашиглана гэж судлаачид хэллээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ