А.Гитлерийн телефон утас 243 мянган долларын үнэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-20 12:51:04

ЧЕСАПИК-СИТИ. /ВВС/. Дэлхийн II дайны үед Адольф Гитлерийн ашиглаж байсан телефон утас өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Мэриленд муж улсын Чесапик-Сити хотод болсон дуудлага худалдааны үеэр 243 мянган долларын үнэд хүрчээ.

Утсыг худалдан авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн байна. Дуудлага худалдааны анхны үнэ 100 мянган доллароос эхэлжээ.

Нацист Германы удирдагчийн ашиглаж байсан энэ утсыг 1945 онд Берлин хотоос түүний хоргодох байрнаас олж байжээ.

Улаан өнгөтэй телефон утсыг дуудлага худалдаа зохион байгуулдаг “Alexander Historical Auctions” гэдэг газар дуудлагаар худалджээ.

Тус газрын албаны хүмүүсийн хэлснээр, энэ телефон утас бол хүмүүсийг “үй олноор нь хөнөөх зэвсэг” байсан бөгөөд А.Гитлер дэлхийн II дайны үед олон хүний амийг авсан тушаалуудаа энэ утсаар өгдөг байжээ.

Мөн А.Гитлерийн хоточ нохойн шаазан баримлыг өөр нэг хүн 24300 доллароор худалдан авсан байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ