Шийдвэр гаргах түвшинд хүүхдүүд дуу хоолойгоо хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-16 22:16:41

Багшийгаа өөрсдийн нь дотнын найз шиг байхыг, сургууль орчиндоо ялгаварлан гадуурхалт, ямар нэгэн дарамт шахалтгүй байхыг, дотуур байрандаа тохь тухтай аж төрөхийг хүүхдүүд хүсч байна. Үүнийгээ тэд шийдвэр гаргах түвшинд дуулгасан юм.

Дундговь аймгийн хүүхдийн 11 дэхь удаагийн чуулган хоёр өдөр үргэлжилж өнөө орой өндөрлөлөө. “Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө” сэдвийн дор 200 гаруй хүүхэд чуулж,  тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдвэрлэхэд сургууль болон орон нутгийн удирдлагууд, мөн хүүхдүүд өөрсдөө юу хийх хэрэгтэй талаар саналаа нэгтгэн гаргасан юм.

Тодруулбал, “Хүүхдэд ээлтэй багш”, “Дотуур байр миний хоёр дахь гэр”, “Цахим орчны зөв зохистой хэрэглээ”, “Сургууль дахь найз нөхдийн нөхөрсөг харилцаа”, “Хүүхдийн хөгжих орчин ба чөлөөт цаг”гэсэн үндсэн 5 сэдвээр тулгамдаж буй 20 гаруй асуудлыг хүүхдүүд илэрхийлсэн байна. Үүнийг шийдвэрлэхэд дөхөмтэй 50 гаруй саналыг нэгтгэн аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга О. Бат- Эрдэнэ болон бусад удирдах албан тушаалтанд гардуулж өгсөн юм. Ингэхдээ тэд тулгамдаж буй асуудлыг жүжигчилсэн тоглолтоор давхар дүрслэн үзүүлсэн нь зөвхөн цаасан дээр бичиж өгснөөс илүүтэйгээр асуудлыг ойлгуулахад ач холбогдолтой болсон байна.

 Хүүхдүүдийн дүрслэн үзүүлснээр дотуур байрын тохь тух, хоолны чанар хүртээмж, багш нарын зан харилцаа, хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлэх чадвар, эцэг эхийн хайхрамжгүй байдал, үе тэнгийнхэн хоорондын дарам шахалт гээд олон талаар эрх нь хэрхэн зөрчигдөж байгааг тод илэрхийлж байв.  

Чуулганд оролцсон аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ хэлэхдээ, аймгийн ИТХ- ын тогтоолоор хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсныг тэмдэглэн хэлээд, сар бүр хүүхдээ сонссоноор тулгамдаж буй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэдэг нөхцөл бүрдэж, хүүхдийн эрхийн зөрчил үгүй болж, хүүхэд хамгаалал илүү шинэ шатанд ахина гэдгийг онцолсон юм.

Т. Отгонтуяа 

 

Холбоотой мэдээ