Залууст ажил олдохгүй байгаагаас ахмадууд бүх ачааг үүрч байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДУИХ-ын гишүүн О.Батнасан Ховд аймагт хүрэлцэн ирж ахмадуудтай уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүнтэй хийсэн уулзалт Ховд аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд болж , Уулзалтад Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар болон Жаргалант сумын 12 багийн 200 гаруй ахмадууд оролцлоо.
Уулзалтын эхэнд эрхэм гишүүн Ховд аймгаас сонгогдсон гурван гишүүн гурван тойрогт хуваагдсан ч нийт тойргийнхоо сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонсох болно гээд ахмад настнуудад төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ахмадын тэтгэврийг 18 хувийн хүүтэй байсныг 13 хувьтай болгож, 65 –аас дээш насны ахмад настнуудад насны хишиг олгож, оюутны тэтгэлэг, оюутны зээл, мал аж ахуйд тулгамдаж буй мал эрүүлжүүлэх, бэлчээр бууцыг ариутгах, малаа эрүүлжүүлж, эрүүл хүнс хэрэглэх, малын мах, түүхий эдийг гадаадын зах зээлд нийлүүлэх боломж байгаа зэрэг асуудлуудын талаар ярьж нийт ахмадуудаа эрүүл энхийг хүслээ.
Ахмадуутай хийсэн уулзалт дээр аймгийн Засаг дарга Д.Галсандондог 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө товч танилцуулж, Ховд аймагт хийгдэх гол бүтээн байгуулалтуудын талаар мэдээллээ.
Уулзалтад оролцсон Жаргалант сумын ахмад настануудыг төлөөлж үг хэлсэн ахмадууд төрөөс ахмадуудын талаар арга хэмжээ авч байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ хэлсэн боловч, үр хүүхдүүд нь сургууль төгсөөд ажлын байр олдохгүй, идэх хоол, өмсөх зүүхийн төлөө сэтгэл зовниж, насандаа зориулж эдлэх тэтгэмжээ ажилгүй хүүхдүүдээ тэжээж байгаа амьдралын үнэнийг эрхэм гишүүнд дуулгалаа.
Монгол Улсын гавьяат тамирчин Т.Гүррагчаа “ Ахмадууд төдийгүй залуучуудын бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд анхаарах, явган аялал хийхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нь чухал байна. Улирлын чанартай Нэвт, Баянбулаг амралтын газруудыг амьд байгаль үзэх орчин бүрдүүлэх, ахмадуудыг амраах, ирэх 7 сард уулчдын нэгдсэн авиралт Ховд аймагт болох учир, Аймгийн төвөөс Манхан сум, тэндээсээ Дуут, Мөнххайрхан хүртэл дугуйн аялал зохион байгуулахад ахмадууд, залуучуудыг оролцуулж, аялал, амралт чөлөөт цагийг зөв үр бүтээлтэй өнгөрүүлэхэд дэмжиж ажиллахыг” хүслээ.
Ахмад настан Н.Янжмаа “Ахмадууд бидэнд төрөөс хайр халамж үзүүлж байгаад баярлаж байна. Харин төрд ажиллаж байгаа залуучуудыг олноор нь ажлаас халаад байхаар бидний тэтгэвэр тэдэнд зарцуулагдаж байна. Би тэтгэврийн 250,0 мянган төгрөгөөрөө залуугийнхаа 350,0 мянган төгрөгийн байрны зээл төлж чадахгүй нь, залуучуудыг ажлын байртай л болгож өг, залуучуудыг халж сольдгоо боль" гэсэн бол ахмад настан Г.Хонгороо "ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг сум хөгжүүлэх сангийн зээл олгож, хувиараа жижиг бизнес хийдэг ахмадуудаа дэмжээрэй, үр хүүхдүүд ажилгүй учраас нуруун дээр бүх ачаа үүрэхэд хэцүү байна” гэлээ. Өндөр настан Дорж” Малын гоц халдварт өвчин гарч байгаа нь хууль бус олборлолт, уул уурхай холбоотой Цэцэг сумын цагаан эрэг, шар хөтөлд хятадууд дур зоргоороо малын бэлчээрт элдэв химийн бодис хэрэглэж газар сүйтгэж байгаа үүнээс болж мал халдварт өвчин авч байгаа гэж би бодож байна” гэдгээ хэлэв.
Уулзалтад оролцсон ахмадууд тэдэнд зориулсан тэтгэвэр тэтгэмж, насны хишиг олгож төрөөс дэмжиж байгааг сайшааж байгаа хэдий ч арай чүү их дээд сургууль төгсгөөд үр хүүхдүүд нь ажил олдохгүй байгаад сэтгэл эмзэглэж явдаг, малын өвчин даамжирч, мал эмнэлэг хувьд шилжиж малын ариун цэврийн ажил,хяналт орхигдсон тухай саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн О.Батнасан ахмадуудын санал хүсэлтийг сонсож залуучуудыг ажлын байраар хангах асуудал үнэхээр тулгамдсан сэдэв, ахмад настнуудаа ажилтай орлоготой болгох талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай ярьж байна. Эдийн засгийн хямрал дандаа ийм байхгүй, манай улсын эдийн засаг сэргэх цаг үе ирнэ, төрийн албаны халаа сэлгээний тухайд төрийн албаны тухай хууль гарна, албан хаагч мэргэшсэн байх ёстой халаа сэлгээ хийдэг монгол төрийн тогтолцоог хуулиар зохицуулна. Сум бүрт хөдөө явж тарилга, туулгалт хийдэг малын эмч байхгүй, иймд мал эмнэлгийн алба байгуулна, малчдын хариуцлага хяналт сайжруулна хүн бүр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараас хамааралгүй нэгч хүн байхгүй, малаа эрүүлжүүлж гадаадын зах зээлд нийлүүлэх тухай хуулийн төсөлд ард иргэдийн санал хэрэгтэй гэлээ.
А.Бямбасүрэн