Эверестийн баазууд үнэгүй WiFi-тай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-13 12:42:56

КАТМАНДУ. /Sputnik/.Гималайн нурууны ноён оргил болох Эверестэд байрлаж буй "Лукла-Эверест" болон "Аннапурна"  баазууд удахгүй үнэгүй WiFi буюу утасгүй интернетийн сүлжээтэй болно.

Энэ нь Эверест дэх анхны үнэгүй WiFi сүлжээ юм. Өмнө нь зарим баазад цагийн 5 доллар төлж WiFi ашигладаг байжээ. Балбын  Харилцаа холбооны газрын мэдэгдсэнээр, уулын өндөр цэгүүдэд цахилгааны кабель татахад хүндрэлтэй учир Эверестийн оргил дахь цаг агаарын эрс тэрс нөхцлийг тэсвэрлэх чадвартай “Окумура” загварын шилэн кабель татах гэж байгаа аж. Харин уг кабель гэмтсэн тохиолдолд уулнаас богино долгионы дохио илгээх өргөн зурвасын утасгүй дамжуулагч системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Далайн түвшнээс дээш 5364 м өндөрт орших дээрх баазууд нь дэлхий дээрх үнэгүй WiFi-тай хамгийн өндөр цэг болно. Балбын эрх баригчид уг сүлжээг аюул ослын үед ашиглах харилцаа холбооны хэрэгслийг сайжруулах зорилгоор нэвтрүүлж байгаа юм.

2015 онд дөрөвдүгээр сард Эверестэд цасан нуранги үүссэний улмаас 22 хүн амиа алдсан юм. Харилцаа холбооны сүлжээ муу байсан нь аврах багийнханд хүндрэл учруулж, ийм олон хүн амиа алдахад хүргэжээ.

WiFi сүлжээг сайжруулснаар жуулчдын тоо нэмэгдэнэ гэж албаны хүмүүс найдаж байна. Эверестэд одоо жилд 35 мянган жуулчин ирдэг бөгөөд тэдний 1000 орчим нь уулын оргил руу авирдаг ажээ.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ