Уул уурхайгаас хамааралтай улс орнуудад Д.Трамп, Си Зиньпин нар хэрхэн нөлөөлөх вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-07 12:45:26

ХОНКОНГ. /Nikkei/. Зэсийн үнийн өсөлт, бууралтыг дэлхийн эдийн засагчид ажиглахдаа “Доктор Зэс” гэсэн хоч нэрийг голдуу ашигладаг. Гэр ахуйн цахилгаан бараанаас эхлүүлээд автомашин, цахилгааны кабель утас зэрэг асар олон тооны бүтээгдэхүүнийг хийхэд зэсийг ашигладаг бөгөөд энэ металлын үнэ бол дэлхийн эдийн засгийн байдлыг тодорхойлогч юм.

Зэс бол Монголын хувьд экспортын гол бүтээгдэхүүн. Монголын Төвбанк буюу Монголбанкны мэдэгдсэнээр, 2015 онд тус улсын нийт экспортын 48 хувийг зэс эзэлж байв.

Байгалийн баялаг, тэдгээрийн дотор нүүрс, алт, нефть, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал нь Монголын экспортын дийлэнх хувийг эзэлдэг. Одоогийн байдлаар, ашигт малтмал нь дангаараа нийт экспортын 87 хувийг бүрдүүлж байна.

Дэлхийн эдийн засаг түүхий эдийн зах зээлд нөлөөлж байгаа хэдий ч ашиг малтмалуудын дундаас зэс бол хамгийн “мэдрэмтгий” нь.

Сайн ч бай муу ч бай Монголын эдийн засаг олон талаараа ашигт малтмалын зах зээлийн ивээлд байна.

АНУ-ын хөрөнгө оруулалтын дөрөв дэх том банк болох “Lehman brothers Holdings” 2008 онд дампуурлаа зарласан нь дэлхийн санхүүгийн зах зээлд төдийгүй Монголын эдийн засагт хүнд цохилт болсон бөгөөд үүний дараа жил нь буюу 2009 онд Монгол Улс ОУВС-гаас тусламж хүссэн юм. Монгол болон Wall Street хоорондын зай нь Улаанбаатарыг “Lehman brothers Holdings” компанийн дампуурлын нөлөөллөөс холуур өнгөрүүлээгүй юм.

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ болон хоёр дахь том эдийн засаг БНХАУ ашигт малтмалын үнийн хэлбэлзлийг жолоодон зохицууллаа.

Энэ хоёр их гүрэн ашигт малтмалын үнийг ерөнхийд нь тодорхойлж байгааг дэлхийн ашигт малтмалын зах зээлийн үнэлгээний жишиг The Thomson Reuters/ CoreCommodity CRB индекс тодорхой харуулж байна. Шатдаг занарын гол нийлүүлэгч болох АНУ-д олборлолт нэмэгдсэнээр газрын тосны үнэ буурч, эрэлтийн гол эх үүсвэр болох Хятадын эдийн засгийн өсөлт саарах болсноор 2014 оны хоёрдугаар хагаст ашигт малтмалын үнийн индекс эрс буурч байлаа.

Юанийн ханшийн бууралт гүнзгийрч, Хятадын эдийн засгийн өсөлт цаашид ч саарах хандлага ажиглагдсанаар 2015 оны зун болон 2016 оны эхээр энэ индекс мөн буурч байв. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш индекс өсч эхэлсэн байна. Ирэх 10 жилийн хугацаанд дэд бүтцийн салбарт 1 их наяд долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан юм. Тиймээс одоо гол ашигт малтмалуудын эрэлт нэмэгдэж магадгүй гэж найдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

ТОДОРХОЙГҮЙ ХЭТИЙН ТӨЛӨВ

Цаашид юу болох бол? АНУ дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь ашигт малтмалын үнэ өсөхөд нөлөөлөх боловч санхүүгийн нөхцөл байдал ийм боломж олгох эсэх нь тодорхойгүй байна.

Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Конгрессын төсвийн хороо ирэх 10 жилийн эдийн засаг, төсвийн төлөв байдлын талаарх урьдчилсан таамгийг гаргажээ. Тус хорооны урьдчилан таамагласнаар, АНУ-ын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 2.9 хувьд хүрч нэмэгдэх бол 2027 он гэхэд 5 хувьд хүрэх аж. Тус хорооны мэдэгдэлд “ирэх жилүүдэд засгийн газрын зардал нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа, нийгмийг аюулаас хамгаалах болон эрүүл мэндийн салбарын зардал нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газрын зарлага орлогоос давснаар төсвийн алдагдал улам тэлнэ” гэжээ.

Эдгээр таамгийг гаргахдаа Д.Трампын санхүүгийн бодлогыг харгалзан үзэж, тусгаагүй байна. Их хэмжээний санхүүжилт шаардсан, санхүүгийн нөхцөл байдлыг дордуулах төсвийн зардлын төслийг Конгресс батлахгүй байх магадлал бий. 

Хятад улсын санхүүгийн нөхцөл байдал нь илүү ээдрээтэй байна. Си Зиньпинээр удирдуулсан Засгийн газар хэт үйлдвэрлэлийг бууруулахыг дэмжиж байна. Хэрвээ тус улс хэт үйлдвэрлэлийг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авснаар нийлүүлэлт багасвал ашигт малтмалын зах зээл сэргэхэд тус дөхөм болно. Эртний Торгоны замын дагуу эдийн засгийн томоохон бүс бий болгох хүчин чармайлтын хүрээнд гаргасан “Бүс ба Зам” санаачилга бол хөрш улсуудыг хамруулсан хөрөнгө оруулалтын томоохон төлөвлөгөө юм. Энэхүү санаачилга нь ч ашигт малтмалын эрэлт нэмэгдэхэд тус дөхөм болж магадгүй.

Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь ашигт малтмалын эрэлт буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг болохыг 2014 оноос хойш ашигт малтмалын зах зээлүүд харуулсаар байна.

Хэт үйлдвэрлэлийг бууруулахыг Хятад улсын Засгийн газар компаниудад уриалж байна.  Бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй, цаашид үйл ажиллагаа явуулахын тулд тусламж авах шаардлагатай буюу өрөнд орсон “зомби компаниуд”-ыг Бээжин мөн хааж байна. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь хоёр талдаа иртэй илд л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ийм арга хэмжээ авснаар ажилгүй хүмүүсийн тоо олширч, Хятадын ДНБ-ий 40 орчим хувийг эзэлж байгаа зарлага улам нэмэгдэнэ.

ХОЛИМОГ ЗАХ ЗЭЭЛҮҮД

Зах зээлүүд нь бух ба баавгайн аль алинаар илэрхийлэгдэж байгаа бөгөөд санхүүгийн урсгал нь эдгээр зах зээлийг улам хувирамтгай, тогтворгүй болгож байна.

Энэ оны хувьд Америкийн хөрөнгө оруулалтын “Citigroup” компанийн таамагласнаар, Хятадын түүхий эдийн фьючерсийн зах зээл нь олон улсын зах зээлийн үнэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.

Улс орноосоо гадагшилж байгаа мөнгөнд тавих хяналтаа БНХАУ улам чангатгаж байна. Үүний дүнд, арматур болон зэс зэрэг түүхий эдийн олон улсын зах зээлийн үнэд ихээхэн нөлөө үзүүлдэг Шанхайн хөрөнгийн бирж болон бусад хөрөнгийн бирж рүү дотоодын мөнгө урсан орсоор байгаа юм. Эрсдэлтэй гүйлгээнүүдийг богино хугацаанд ашиг олохын тулд голдуу хийдэг. Энэ нь бодит бус үнийг бий болгож, дэлхийн зах зээлд нөлөөлдөг байна.

“Citigroup”-ын мэдэгдсэнээр, ийм дүр зураг 2017 онд биеллээ олох магадлал 70 хувьтай байна.

Ашиг малтмалаас ихээхэн хамаарал бүхий эдийн засагтай Монгол болон бусад орон 2017 онд эдийн засгийн хоёр их гүрний аясаар байх төлөвтэй байна гэж Японы нийслэл Токио хотод төвтэй, дэлхийн санхүүгийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийдэг томоохон сонин болох "Nikkei Asia Review"-гийн тоймч Макото Каживара дүгнэн бичжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ