Жижиг дунд үйлдвэрлэлд зээл олгох журмыг тодорхой болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-07 11:06:37

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг зохицуулдаг. Гэвч ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулсан. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор тусгасан байна. Хууль баталснаар зээл хүсэгчдэд тавих шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болно гэж Засгийн газар үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. УИХ-ын чуулганд оруулахаар дэмжив.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ