Казахстанд шинэчлэлийн гуравдахь үе шат эхэлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
bars@montsame.mn
2017-02-03 17:27:06

АСТАНА./TASS/. Түүхий эдийн үнэ, мөнгөний ханш тогтворгүй байгаа, дэлхийн улс төрийн тодорхойгүй байдал зэрэгтэй холбоотойгоор 2017 онд Казахтаны эдийн засагт хүндрэл үүсэхээр байна. Ийм таамгийг өнөөдөр тус улсын Засгийн газрын хуралдаан дээр үндэсний эдийн засгийн сайд Тимур Сулейменов дэвшүүллээ.

Гол түүхий эдүүдийн үнэ тогтворгүй байгаа, АНУ-ын засаг захиргааны худалдаа-эдийн засгийн шинэ бодлого, валютын ханшийн тогтворгүй байдал, хэд хэдэн улс оронд хямрал мөргөлдөөн, улс төрийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа зэрэг нь дэлхийн эдийн засагт хүндрэл үүсгэхээр байна.

“Дэлхийн улс төр, эдийн засгийн ийм амаргүй нөхцөл байдалд бид Казахстаны шинэчлэлийн гуравдахь үе шатыг хэрэгжүүлж эхэлнэ. Гадаад болон дотоод хүндрэлүүдийг даван туулахын тулд Казахстан улсыг 2025 он хүртэл хөгжүүлэх “Үндэсний технологийн санаачилга” хэмээх стратегийн төлөвлөгөөний төслийг боловсруулна” гэж сайд Сулейменов онцлон тэмдэглэв.

Сайдын мэдээлснээр, Казахстаны ДНБ-ний өсөлт 2017 онд 2 хувьтай байх ажээ. 

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1 дүгээр сарын 30-ны өдөр ард түмэндээ хандсан илгээлтдээ тус улсын “эдийн засгийн өсөлтийн шинэ загвар”-ыг бий болгох, шинэлэлийн гуравдугаар шатны хэрэгжилтийг хангах зорилтыг тавьжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилго бүхий шинэчлэлийн эхний хоёр үе шатыг Казахстан улс хэрэгжүүлсэн гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.

О. Барс

 

Холбоотой мэдээ