Дархан сумын Засаг дарга малчдынхаа өвөлжилтийн байдалтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-01 22:19:46

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалын ахласан ажлын хэсэг Хонгор, Орхон сумын нутагт өвөлжиж байгаа сумынхаа “Малчин” багийн 80 гаруй өрхөөр орж сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үнэ төлбөргүй олгож байгаа хивэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цуглуулсан элгэвч, нэмнээ, бээлий зэрэг ахуйн хэрэглээний эд зүйлсийг хүргэж өгөв.

Мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн гарын бэлэг болгон малчиддаа илгээсэн хүнс, түргэн тусламжийн анхан шатны тусламж эм, хэрэгсэл бүхий иж бүрдлийг гардууллаа. “Малчид маань бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 70-аад хувийг зарцуулаад байгаа ч цаг агаар үүнээс илүү хүндэрвэл өвс тэжээл хомсдоно гэж байна. Улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хямдралтай олгох шийдвэрийг улсын Онцгой комиссоос гаргасан учир малчид өөрсдөө хүсвэл Дархан суманд очиж “Улсын нөөцийн салбар”-аас өвс тэжээл авч болно” гэж Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал хэллээ.

Уг ажлын хэсэг ирэх долоо хоногт Сэлэнгэ аймгийн нутагт өвөлжиж байгаа малчдаараа тойрох юм. Тус сум нь 800 гаруй өрхийн 62 мянган толгой малтай. Малчин өрхийн 80 орчим хувь нь өөр аймаг сумын нутагт өвөлжиж байна. Энэхүү “Малчин” баг нь 2000 гаруй хүн амтай сумын төвөөсөө алслагдсан гэр хорооллын баг юм.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ