"Багаараа хамтдаа” аян эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-24 02:23:09

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэндсүрэн, А.Янжмаа, М.Жаргалсайхан нар санаачилж аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл Мэндийн газар, Улаан Загалмайн хороо хамтарч зохион байгуулсан "Багаараа хамтдаа" аян эхлэв.

Уг аян энэ сарын 23-29-ны хооронд долоо хоног үргэлжилж тус багт оршин суудаг өндөр настнууд, эрүүл мэндийн эрсдэлтэй болон эмзэг зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Аяны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид багийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлсэн үгэндээ "Төрийн үйлчилгээ иргэддээ хамгийн ойрхон шуурхай хэлбэрээр хүрч хүртээмж дээшилж амьдралын чанар болон нийгмийн дархлаа сайжрах ач холбогдол бүхий ажил болж байна” гээд бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлын нэг тул бусад багуудад үргэлжлүүлж зохион байгуулж болохоор цагаа олсон ажил байна" гэж онцов. Уг аяны эхний гурван хоногт “Энэрэл цогцолбор” сургуулийн спорт танхимд үзлэг оношлогоо, ажилгүй иргэдийн бүртгэл, ортопед протезийн хэрэгсэлээр ХБИ-дэд үйлчилж  ажил олгогчдын мэдээллийг хүргэж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хэвтрийн өвчтэй иргэдийн гэрт нь хүрч үйлчлэх аж. Харин сүүлийн дөрвөн өдөр нь иргэдийг ажилд зуучилж  мэдээллээр хангаж 9-12 дугаар ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах бол тус багийн хоёр өрхийг амжиргаа дээшлүүлэх төсөлд хамруулахаар болжээ.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ