Ханбаянзүрх хайрханы өврийг тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-20 11:09:49

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн "Сайншанд" зангилаа, Барилга ашиглалт үйлчилгээний гуравдугаар ангийн хамт олон хамтарч Сайншанд сумын нутаг Ханбаянзүрх хайрханы өвөрт өөрсдийн хөрөнгө оруулалтаар 552 м хайс угсарч, 48 гэрэлтүүлэг суурилууллаа.

Энэ  бүтээн байгуулалт нь хайрхан уулаа шүтэж, залбирдаг говь нутгийнхан хийгээд хол ойроос ирсэн зочин гийчний тав тухыг хангах,  аялаж зугаалахад нэн тохиромжтойгоос гадна тохижилт үйлчилгээг хангасан чухал ажил болсон аж.

Сайншанд сумын Засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 19-нд дээрх ажилтай танилцаж байнгын ашиглалтад хүлээж авсан байна.

Дашрамд дурдахад Хамарын хийд, Зүүнбаян, Ханбаянзүрх хайрханы чиглэлийн гурван замын уулзвараас Ханбаянзүрх хайрхан хүртэл 6.5 км хатуу хучилттай авто зам барих талаар 2016 онд Засгийн газрын  ээлжит хуралдаанаар хэлэлцэж зураг, төсвийг боловсруулж, шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Зам тээврийн яаманд үүрэг болгож байсан билээ.

Хэрэв хүслийн хайрхан руу хатуу хучилттай авто зам барих асуудлыг шийдвэл энэ бүс нутаг бүхэлдээ нийслэлтэй  хатуу хучилттай авто замаар холбогдох боломжтой болно.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ