Ахмад настны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-19 17:58:26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151.2 мянга байсан бол 2013 онд 170.3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар нэмэгджээ. Үндэсний статистикийн   хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 2035 он гэхэд ахмад  настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцжээ. Үүнд зориулан 2017 оын төсөвт 20.4 тэрбум төгрөг суулгажээ. Ахмад настанд  үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас давуу талтай болсон хэмээн Засгийн газар үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү байнгын хороо болон ажлын хэсгээс ирүүлсэн зармын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. Байнгын хорооноос ирүүлсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо руу шилжүүлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ