Тайванийн Ерөнхийлөгч АНУ-д саатна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-31 09:25:57

ТАЙПЕЙ. /NikkeiAsianReview/. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь Төв Америкийн дөрвөн улсад айлчлал хийхээр явах замдаа АНУ-ын хоёр хотод саатна.

Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газраас баасан гарагт гаргасан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Цай Инвэнь АНУ-ын Техас муж улсын Хьюстон хот болон Калифорни муж улсын Сан-Франциско хотод саатна” гэжээ.

Гондурас, Никарагуа, Гватемал болон Эль-Сальвадор гэсэн Төв Америкийн дөрвөн улсад айлчлал хийхээр Цай Иньвэнь ирэх сарын 7-нд мордох ажээ. Тайвань нь энэ дөрвөн улстай дипломат харилцаатай.

Түүний хувьд ерөнхийлөгч болсноосоо хойш хоёр дахь удаагаа гадаад улс оронд айлчлах гэж байгаа нь энэ юм.

Америк тивийн улсуудад айлчлал хийхээр явах замдаа Тайванийн Ерөнхийлөгч АНУ-д саатах нь бараг заншил болоод байна. Энэ оны зургадугаар сард Цай Латин Америкийн улсуудад айлчлахаар явах замдаа АНУ-ын хоёр хотод мөн саатаж байжээ.

Энэ удаад Цай АНУ-д саатах үеэрээ тус улсын албаны хүмүүстэй уулзах эсэх талаар Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газар тодорхой мэдэгдсэнгүй.

Дональд Трамп, Цай Инвэнь нар энэ сарын эхээр утсаар ярьсантай холбоотойгоор АНУ болон Тайвань хоорондын харилцаанд Хятад улс ихэд түгшиж байгаа юм. АНУ ба Тайвань нь дипломат харилцаагүй билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ