Японы Батлан хамгаалахын сайд "Ясүкүни” сүмд очив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-29 09:52:10

ТОКИО. /Kyodo/. Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада өнөө өглөө “Ясүкүни” сүмд очиж, дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, мөргөл үйлдлээ. Батлан хамгаалахын сайд тус сүмд очсоныг Японы колоничлол, түрэмгийллийн улмаас  зовлон зүдгүүр амсаж байсан хөрш орнуудын зарим нь шүүмжилж магадгүй.

Сайд сүмд очсоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “би тус сүмд очсон зочдын нэрсийн жагсаалтанд өөрийнхөө нэрийг “Батлан хамгаалахын сайд Томоми Инада” гэж бичсэн” гээд, “Томоми Инада миний бие энэ улс орны нэгэн иргэний хувиар дайнд амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүллээ” гэжээ.

“Ясүкүни” сүмд тэмдэглэлт өдрүүдээр байнга очдог байсан Т.Инада энэ оны наймдугаар сарын эхээр сайд болсноосоо хойш тус сүмд анх удаагаа очсон нь энэ юм.

Дэлхийн II дайнд Япон бууж өгснөөс хойш 15 жил өнгөрч байгааг энэ оны наймдугаар сарын 15-нд тэмдэглэх үеэр сайд Т.Инада гадаад улс оронд айлчлалтай байсан учир тус сүмд очоогүй ажээ.

Японы хөршүүд, ялангуяа БНХАУ болон Өмнөд Солонгос “Ясүкүни” сүмийг XX зууны Японы милитаризмын бэлгэ тэмдэг гэж үздэг бөгөөд тус сүмд Японы хууль тогтоогчид очихыг эсэргүүцдэг юм.

Дайны жилүүдэд амь эрсэдсэн япончууд, тэдний дотор цэргийн гэмт хэрэгтнүүдийн дурсгалд зориулан Ясүкүни сүмийг байгуулсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ