У.Саруулзаяа: Сургуулийг  үйлдвэр гэж  үзвэл  эцсийн бүтээгдэхүүн нь шилдэг сурагч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-27 11:02:37

Ховд  аймгийн 12 жилийн лаборатори нэгдүгээр сургуулийн захирал У.Саруулзаяатай  уулзаж сургуулийн түүх, боловсролын шинэчлэл, эко орчин бүрдүүлж байгаа арга туршлагын талаар яриалцлаа.

-Та лаборатори нэгдүгээр сургуулийн захирлаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?  94 жилийн түүхт энэ сургуулийн онцлог нь байна?

-Би 2013 онд нэгдүгээр сургуулийн захирал болж 4 дэх хичээлийн жилтэй золгон ажиллаж   байна. Энэ хугацаанд сургалтын чанарт ахиц гарсан, сургалтын гадаад, дотоод орчинг  сайжруулж ногоон байгууламж, модны тоог нэмэгдүүлсэн.

Түүхийн хувьд 1923 онд Увс, Баян-Өлгий аймгийн Бага сургуулийг нэгтгэж Ховд аймгийн  ууган Нэгдүгээр сургуулийг байгуулснаар өдгөө 94 дэх хичээлийн жилдээ үйл  ажиллагаагаа  явуулж  байна.

Манай сургуульд Монголын төрийг 40 гаруй жил барьсан Ю.Цэдэнбалаас эхлээд олон  алдартнууд суралцаж  төгссөн.

Нэгдүгээр сургууль Улсын хэмжээнд БСШУЯ-ны гарч байгаа бодлого баримт бичгүүдийг   туршиж бусдад түгээхэд гүүр болдог 41 лаборатори сургуулийн нэг гэдгээрээ ялгарч  бусад сургуулиудыг түүчээлэн ажилладаг.

Сургуулийн 90 жилийн ой бидэнд шагналын хур буусан цаг үе байж Гавъяат, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн  одон, Алтан гадас одон үе үеийн багш, ажилчдын энгэрт гялалзсан.

-Та Ховдод хамгийн анхны лаборатори сургуулийг хөгжүүлэхэд олон ажил хийж  гүйцэтгэсэн.  Хийсэн гол гол ажлуудаасаа танилцуулахгүй  юу?  

-Сургалтын таатай орчин бүрдсэн газарт хүүхдүүд зөв төлөвшиж, багш нар ая тухтай  ажлаа  хийж, эрч хүч авдаг.  

Сургуулиа камержуулж, чанга яригчаар сурагчдын дасгал хөдөлгөөнийг удирдан хийлгэж, ололт амжилт, сайшаал магтаал, зарын чанартай мэдээллийг хүргэж байгаа. 90 жилийн ойн баяраа угтаж 07 сараас  эхлэн хамт олноороо нэгдэн шоргоолж шиг ажиллаж байж сургуулийнхаа өнгө  үзэмжийг засч шинэчилж чадсан. Тухайлбал,

Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн бүх хаалгаа сольж, үүдэнд орчин үеийн технологи   загварын үүдний танхимтай боллоо.

Сургуулийн  дотоод орчин нэг  давхарт сургуулийнхаа түүхэн замнал, хоёр давхарт Монгол   орон ба Ховд аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, ургамал, ан амьтны талаарх, гурван   давхарт Монголын эртний ёс заншил, уламжлал, Монгол төрийн соёмбо, тамга тэмдгүүд  хэрхэн өөрчлөгдөж ирсэн мэдээллийг тус тус шингээсэн орчныг бий болгож  хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлсэн. Урлагийн заал, Багш хөгжлийн төвийг багш нар санаачилгаараа өөрчилсөн бөгөөд мод бутны тоо нэмэгдэж, сургуулийн гадна орчин ногоон байгууламжтай, зүлэгтэй, шороотой орчин нь явган хүний замтай, алаг шалтай болсон.

Энэ бүх ажил үе үеийн төгсөгчид, эцэг эхчүүд, хамт олон, багш, ажилчдын минь нэгдэл,  хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм.

-Тэгэхээр эдгээр ажлыг бүтээх санхүүжилт хаанаас орж  ирсэн  вэ? 

-Аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, манай сургуулийн төгсөгч УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, үе үеийн төгсөгчид, багш нар, хамтарч ажилладаг байгууллагууд маань бидний   ажлыг дэмжсэн. Тухайлбал,

Солонгосын Койка Олон улсын байгууллагын мэргэжилтэн Лу жин хун\ Монгол нэр нь  Пүүжээ\30.000 доллар хандивлан резинэн гүйлтийн зам, сагс, волейболийн талбайн  тохижилтыг хийж  өгсөн.

Аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран сургуулийн гадна талбайн ногоон  орчин, зүлгийг  байгуулсан .

Сургуулийн үе үеийн төгсөгчид,багш нарын сэтгэлийн хандиваар олон "Төгсөлтийн  нэрэмжит  кабинет”- тэй  болсон гэх мэт нилээд ажлуудыг хийж чадсан.     

-Танай сургууль сурагчдын сурлагын түвшинг дээшлүүлэх, хичээл хоцрогдлыг арилгах  тал дээр ямар бодлого баримталж  ажилладаг  вэ?

-Ямар мэдлэг чадвартай, ямар төлөвшилтэй хүүхдүүдийг байдаг. Тэр ч утгаараа манай  сургуулийн  багш  нар  сурагчдынхаа  төлөө  дайчин  ажилладаг.

2013-2014 оны хичээлийн жилээс эхлээд Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд  “Бага боловсролын  цөм  хөтөлбөр”, 2014-2015 онд “Суурь боловсролын цөм хөтөлбөр” , 2015- 2016 онд “Ахлах боловсролын цөм хөтөлбөр” тус тус хэрэгжиж эхэлсэн. Энэ үеэс багш нар маань завгүй ажиллаж Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, сурлагын хоцрогдлыг арилгах тал дээр ахиц дэвшил гаргаж, эцэг эхчүүдтэй илүү сайн хамтран ажилласан. Төгсөх болон дэвших ангийн суурь шалгалтыг бодит түвшинд авдаг  болсон.

Үүний үр дүнд төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтанд чанартай  бэлтгэгдэж,  сүүлийн жилүүдэд сургалтын чанарт байнгын дэвшил гарган ”Топ“ үнэлгээтэй сургуулиар  хоёр удаа шалгарсан. 

-Багш нараа чадавхижуулах, хөгжүүлэхэд юуг  анхаардаг  вэ?

-Лаборатори сургуулийн багш нар нь өөрсдөө чадавхжихаас гадна бусад сургуулиа  түүчээлэн өөрсдийн мэдлэг чадвар, арга зүй, туршлагаа тэдэнтэй хуваалцах гол үүргийг  хүлээдэг. 

Энэ  үүргийнхээ дагуу манай сургуулийн багш нар багаар ажиллаж БСШУЯ, Ховд аймгийн  Боловсрол соёл урлагийн  газартай хамтран  Багш нарыг  чадавхижуулах  олон удаагийн   давтамжтай  сургалтуудыг  зохион  байгуулсаар  ирсэн.

Эдгээр сургалтын үеэр манай сургуулийн  багш нар  Аймгийн хэмжээний  23  сургуулийн  800 гаруй багш нарт  арга  зүй,  ур чадвар, олсон  мэдлэгээ  түгээн  дэлгэрүүлсэн бөгөөд  7  суманд багаар ажиллаж  тэднийг чадавхжуулж, тэднээс суралцсан юм. Цаашид ч багш   нарт  зориулсан сургалт явагдсаар байна.   

-Танай сургууль БСШУЯ-ны 13 эко сургуулийн нэг. Энэ хүрээнд ямар ажлууд хийж  байга вэ?

-БСШУЯ эко сургуулиудтай алт, мөнгө, хүрэл гэрээ байгуулдаг. Гэрээ бүр өөрийн тавигдах  шаардлагатай.

Манай сургуулийн эко зөвлөлийн багш нар ахлах  ангийн сурагчид, багш, ажилчид хамтран   сургуулийн дотоод орчныг битүү цэцэгжүүлсэн бөгөөд гадаад орчны ногоон байгууламж,   1000 гаруй чацарганы  мод,150  орчим үхрийн нүд тарьж төгөл байгуулж чадлаа.

Мөн Тэхийн  шээг, Нохойн хошуу, Монос, Агч мод шинээр тарьж, жижиг мод үржүүлгийн  хоёр тагттай болсон.

Эдгээр ажлын үр дүнд хүрэл гэрээг хангаж батламжаа авсан. Одоо мөнгөн гэрээний  болзлыг биелүүлсэн ажлын тайлангаа  дээш уламжласан  байгаа.

Тэгээд эко сургуулиудын хооронд Байгаль орчин тогтвортой боловсролын хөгжлийн  төслөөс 10 сая төгрөгийн  уралдаан зарласан. Энэхүү уралдаанд манай эко зөвлөлийн хамт олон “Эк орчин Эрчим хүчээ хэмнэе“ сэдэвт төсөл бичсэн.

Улаанбаатар хотын 4 сургууль, Орон нутгаас ганцхан манай нэгдүгээр сургууль тэнцэж  төслөө батлуулсан. өслийн хүрээн олон нийтэд  хандсан ажлуудыг  хийнэ.    

Эко гэдэг бол  зөвхөн ногоон орчин биш. Хүмүүсийн хэрэглээний соёл, эдийн засаг, байгальд  үзүүлэх эерэг нөлөөлөл юм.

Тиймээс хүмүүсээ шар гэрлээс татгалзаж  цагаан гэрэл ашиглах, зурагтаа удирдлагаар бус  товчлуураар унтраах, утсаа цэнэглэж дуусаад заавал цэнэглэгчээ салгаж хэвших ёстойг,   Шүдээ угаахад крантны усаа нээгээд орхих бус аяганд 2-3 балга ус хийгээд угаах   боломжтойг ухаарч эрчим хүч, ус ашиглахдаа хэмнэлт гаргаж “Эко” амьдарцгаая гэж  уриалмаар байна.

-Танайсургуулийн цаашдын зорилт юу вэ?

-Бидний ноймор нэг зорилт бол нэгдүгээр сургуулиа “Улсын тэргүүний” сургууль болгох.  Дараа нь орчны тохижилтуудыг нэмж хийхээр ажлуудыг төлөвлөсөн. Мөн сургуулийн нойлын орчинг  сайжруулахаар Олон улсын байгууллага  Дэлхийн зөн, Мобикомтой  хамтран  ажиллах хүсэлтээ тавьсан. Багш нарынхаа ур чадвар, арга зүй, мэдлэгийг  нь нэмэгдүүлэх зорилгоор бусад  аймаг, Улаанбаатар хотын багш нар болон Японы сургалтын  элементүүдээс  суралцуулах бодолтой олон ажил төлөвлөж, бүтээх чин зорилт, хүсэл эрмэлзэлтэй  ажиллаж байна.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ