Нийтийн тээврийн үйлчилгээнийхээ алдагдлыг хот хоорондынхоо орлогоор нөхөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-23 17:37:25

Увс аймгийн Улаангом сум доторх нийтийн тээврийн үйлчилгээг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани хариуцан ажилладаг юм.

Тус компани нь хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх болсноос хойш ард иргэдийн зүгээс нийтийн тээвэртэй холбоотой санал гомдол гаргахаа больжээ. Гэвч “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хувьд Улаангом хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэхэд ашиг олохоосоо илүүтэй алдагдал хүлээдэг байна. Иймээс Улаанбаатар хот хоорондох хүн тээврийн үйлчилгээнээс олсон орлогоороо зарлагаа нөхөж ирсэн байна.

Идэр есийн хүйтэн эхлэсэнтэй холбогдуулан аймгийн төвөөс 3-5 км алслагдсан Улаангом сумын 1-р багийн иргэд буюу Чандманий зорчигчид хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг амралтын өдрүүдэд ч гэсэн явуулж өгөх саналыг гаргаад байна. Хүйтний улирал эхэлсэн энэ цаг үед ядарсан ард иргэдийн хөл дүүжлэх гол унаа нь болсон нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих шаардлагатай байгаа юм. Гэтэл аймаг орон нутаг болоод Улаангом сумаас тухайн компанид ямар ч дэмжлэг үзүүлдэггүй аж.

“Бид автобусаа дулаан гаражид хадгална, бензин тос хийнэ, засвар үйлчилгээнд хамруулна гээд зөндөө зарлага гаргадаг. Угаасаа техник чинь байнга зардал шаардаж байдаг. Тэгээд ч өвлийн хүйтэнд бид нийтийн тээврээр зорчигчдынхоо тав тухтай байдлыг хангах ёстой. Энэ тал дээр дэмжлэг үзүүлээч хэмээн аймаг болон Улаангом сумын удирдлагуудад удаа дараа хандсан боловч дорвитой ажил хийхгүй байна” хэмээн “Түмэнд нээлттэй хязгаарынхан компанийн захирал Л.Сэнгэсамбуу хэллээ.

Тус компанийн автобус хүүхдээс 100, том хүнээс 400 төгрөг авч үйлчилдэг байна. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд картаар явдаг аж. Улаангом сум доторх нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг тус компанийн гэрээний хугацаа энэ сарын 31-ээс дуусгавар болж байгаа бөгөөд цаашдаа сунгах эсэх нь эргэлзээтэй байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ