Ховдод 10 мянга орчим мотоцикл байдаг ч хоёр мянга хүрэхгүй нь татвар төлдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-21 12:17:18

Ховд аймгийн Аудитын газраас жил бүрийн оны төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардал бууруулах талаах санал өгдөг. Тус саналд аймгийн хэмжээнд мотоцикль эзэмшигчдээс тодорхой орлого төсөвт орох боломж байгаа гэж үзжээ.

Ховд аймгийн хэмжээнд 15232 малчин өрх бий. Өрх бүр өрхийн хэрэглээндээ ашигладаг мотоцикльтэй. Аймгийн Татварын албанаас ирүүлсэн судалгаагаар 1865 мотоциклийн татварт 3,5 сая төгрөгийн татвар бүрдүүлсэн байна. Харин аймгийн Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй мотоцикль 1234 байгаагаас үзэхэд бүртгэлгүй мотоциклийг бүртгэлжүүлэх ажлыг нэн даруй хийх хэрэгтэй байгаа ажээ.

Энэ ажлыг Автотээврийн Үйлчилгээний төв, Цагдаагийн газар, Татварын хэлтэс хамтран зохион байгуулж ажиллах шаардлагатай  гэж Аудитын газар үзэж байна.

Мотоцикльтэй иргэд, өрхийн тоог бүртгэлжүүлэх ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулбал аймгийн хэмжээнд 10,0 мянга гаруй мотоцикль хэрэглэгчид хамрагдах боломж байна.

Бас Хөдөө аж ахуйн яамны зориулалтаар ирсэн бага оврын тракторууд, өөрөө явагч хэрэгсэл,  бусад тээврийн хэрэгсэлийг татварт бүрэн хамруулж чадвал  30,0 сая төгрөгийн орлого нэмэгдэх нөөц боломж байна гэж аудитын газар үзэж байна. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ