Насанд хүрээгүй 1200 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-08 10:49:36

Өнгөрсөн онд Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Насан туршийн боловсрол төвийн хийсэн хамтарсан судалгаагаар тус аймагт хөдөлмөр эрхэлдэг 165 хүүхэд байгаа аж.

Аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж болзошгүй 12-18 насны 11660 хүүхэд байгаагаас хөдөлмөр эрхэлж байгаа 1200 хүүхэд байна. Энэ нь дээрх насны хүүхдийн 10,2 хувийг  эзэлж байна.

Хүүхдүүд улирлын чанартай, зуны амралтаараа хөдөлмөр эрхлэх асуудлууд байна. Үүнд гар дээрээс худалдаа эрхлэх, барилгын туслах ажилчин хийх, хурдан морь унах, айлд хөлсөөр мал маллах, тоосгоны үйлдвэрт ажиллах, гар аргаар вольфром олборлох, ногооны талбайд ажиллах, гар аргаар блок цохих зэрэг ажилд хүүхдүүд оролцдог байна.

Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109,5 дахь хэсгийг үндэслэн насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт шинэчилсэн байдаг.

Ялангуяа өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулж, гар аргаар алт болон үнэт металлыг хүүхдүүд олборлож байна.

Насанд хүрээгүй хүүхдийг хөдөлмөр эрхлүүлж байгаа нөхцөл шалтгааныг тодруулах,хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аймгийн Гэр бүл Хүүхэд хөгжлийн хэлтэс дараах арга хэмжээг зохион байгуулжээ. 

2015 онд Ховд аймгийн хэмжээнд Улсын их баяр наадам, тэмдэглэлт ой, Бүсийн уралдаан зэрэг нийт 21 удаа хурдан морины уралдаан  зохион байгуулж нийт 4800 гаруй хурдан морийг 1636 хүүхэд унаж оролцсоноос хамгаалалтын хувцастай 1496, хамгаалалтын хувцасгүй 140 хүүхэд оролцож, даатгалд 100 хувь  хамрагдсан, уралдааны явцад мориноосоо 50 хүүхэд унаснаас эмчийн үзлэг оношилгоогоор ямар нэгэн хүнд гэмтэл бэртэл аваагүй болох нь тогтоогджээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ