Иргэний андгай өргөх ёслол 14 дэх жилдээ болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-26 10:10:34

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордноо зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээ эхэллээ.

Анхдугаар Үндсэн хууль баталсан,  мөн Тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан энэхүү түүхэн өдөр зохиогддог иргэний андгай өргөх ёслол энэ жил 14 дэх жилдээ болж байгаа бөгөөд Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Өнөөдрийн ёслолд 16 настнуудын төлөөлөл 800 сурагч оролцож байна. Тэдгээрийн 25 нь Монгол Улсын иргэний үнэмлэхээ  олны танил, нэр хүндтэй эрхмүүдээс гардах юм.

Тус ёслолд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүд, яам агентлагийн дарга нар болон МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, СТА жүжигчин Г.Ундармаа, “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн, “Сэлмэн хөлт” хэмээн алдаршсан тамирчин О.Саранчулуун зэрэг соёл урлаг, спортын салбарт танигдсан эрхмүүд урилгаар оролцож байна.

Монгол Улсын хэмжээнд энэ жил 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49 мянга гаруй хүүхдүүд байгаа бөгөөд эдгээр хүүхдийн төлөөлөл болох 800 сурагч өнөөдөр ийнхүү эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлах юм.

Иргэний андгай өргөх ёслолын энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр  "Монос косметикс" ХХК ажиллаж байгаа бол ивээн тэтгэгч байгууллагаар "Golden gym" клуб, "Милая" кафе ажиллаж сурагчдад гарын бэлгээ гардуулах гэнэ.  

Тус ёслолын өнгөрсөн жилийн арга хэмжээнд мөн 800 сурагч оролцож, тэдгээрээс 40 нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авч байжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ