“The Washington Post” сонины сэтгүүлч Иранд ял шийтгүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-12 15:53:30

ТЕГЕРАН. /TASS/. Тагнуул хийсэн хэргээр сэжиглэгдэн баривчлагдсан Америкийн “The Washington Post” сонины сэтгүүлч Жейсон Резаянд Ираны шүүх ял оноожээ. Энэ тухай тус улсын Ерөнхий прокурор Голям Хосейн Мохсени Эжеи Тегеран хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

“Жейсон Резаяны хэрэгт шүүх шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 20 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй. Хэрэв давж заалдах өргөдлийг хэрэгсэхгүй болговол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж Эжеи хэлжээ. Тэрбээр сэтгүүлчид хэдэн жил хорих ял оноосныг мэдээлээгүй байна.

Эжеи мөн Жейсон Резаяныг цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх Ираны эрх баригчдын ажил хэр ахицтай явж байгааг олж мэдэхийн тулд, мөн барууны орнуудын авсан хориг арга хэмжээг Иран яаж тойрч гарч байгаа талаар мэдээлэл цугуулах зорилгоор тагнуул хийсэн хэрэгт буруутгасныг мэдээлжээ. Түүний хэлснээр, Резаян хууль бус тагнуулын үйл ажиллагаагаа сэтгүүлч нэрийн дор 2012 оноос явуулж эхэлжээ. “Тэрбээр цуглуулсан мэдээллээ америкчуудад өгснөөр, Ираны ажил хэргийн хүрээнийхэн болон Өрнөдийн орнуудад бизнес эрхлэгчид АНУ-ын хоригийн жагсаалтад багтсан” гэж Ерөнхий прокурор хэлжээ.

Жейсон Резаян “The Washington Post” сонины Тегеран дахь салбарын даргаар 2012 оноос хойш ажилласан бөгөөд Америк, Ираны иргэн аж. Түүнийг Ираны эрх баригчид 2014 оны долдугаар сарын 22-нд баривчилжээ. Резаяны хамт эхнэр болох Ираны иргэн, Арабын Нэгдсэн Эмирт Улсад гаргадаг “National” сэтгүүлийн гэрэл зурагчин Еганэ Салехиг баривчилсан байна. Еганэ Салехиг баривчлагдсанаас нь хоёр сарын дараа барьцаагаар суллажээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ