Баруун-Уртын төлбөр авах цэг ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-14 11:57:42

Сүхбаатар аймгийн Баруун-Урт болон Улаанбаатар чиглэлийн А2001 дугаартай улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийг барьж дуусган, Баруун-Уртын төлбөр авах цэгийг 11 дүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.  

Сүхбаатар аймаг Улаанбаатар хоттой 2013 онд хатуу хучилттай замаар холбогдсон. Гэвч өнөөгхүртэл Хэнтий аймаг хүртэл зорчиход ямар нэгэн төлбөр авдаггүй байсан. Мөн өөрийн аймгийн дугаартай авто машинаас хүртэл төлбөр авна. Үүнтэй холбоотойгоор иргэд, жолоочид төлбөрөө өгөх тал дээр хайнга, зарим нь эсэргүүцэх хандлагатай байна. Уг нь жолооч нар элдэв хэл амгүйгээр төлбөрөө хураалгаж заншвал энэ нь буцаад замын засвар болоод бусад ажилд зориулагдах юм. Гэхдээ бид аль болох уян хатан хандах гэж зорьж байгаа. Жишээлбэл: Ердөө постны цаана нутагладаг, цагаан идээгээ аймгийн төв рүү орж борлуулдаг малчдаас төлбөр авахыг бодохгүй байгаа. Мөн албан байгууллагуудтай тусгай гэрээ байгуулж 30 хувийн хөнгөлөттэй нэвтрэх боломжийг олгож байна хэмээн Баруун-Уртын төлбөр авах цэгийн ахлах П.Уянга хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 тоот тогтоолоор “Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг баталж, төлбөрийн хэмжээг тогтоосон. Зорчигч тээврийн хэрэгслээс 1000-3000 төгрөг, ачаа тээврийн хэрэгслээс 2000-10000, мотоциклоос 500 төгрөг авна. Нэг удаа авсан тасалбар нь 24 цагийн хүчинтэй бөгөөд тухайн өдөр тэр тасалбараараа хэдэн ч удаа орж гарч болно.

Баруун-Уртын төлбөр авах цэг ашиглалтад орсноор таван хүн тогтмол ажлын байртай болсон байна. Одоогоор нэг ахлах,  дөрвөн төлбөр хураагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ