Олон улсын үнэт эдлэлийн компанид алт нийлүүлэх боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-12 12:07:29

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголбанк, Швейцарын “Хариуцлагатай алтны холбоо" болон “Аргор Хераиус” алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Энэ хүрээнд талууд жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхайчдын олборлосон алтыг Олон улсын үнэт эдлэлийн компанид түүхий эдээр нийлүүлэх юм. Энэ нь манай улсын алтны олборлолт, нийлүүлэлтийн сүлжээ нь ил тод, найдвартай гэдгийг илэрхийлнэ. Мөн алт олборлогч бичил уурхайчдад тушаасан алтных нь кг тутамд урамшуулал олгох аж. Эхний ээлжид Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийг хамруулсан төслийн эхний шатны ажлуудыг гүйцэтгэнэ. Ингэхдээ тус аймаг дахь Монголбанкны хэлтэс, Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын үнэт металлын сорьц тогтоох лаборатори зэрэг байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөжээ.


Монгол банк өнгөрсөн онд болсон “Дэлхийн алтны зөвлөл”-ийн хурлаар  Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкуудтай бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажилагааг албан ёсны болгох, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэлтгэх зорилготой “Лондоны зарчмууд” багц зарчимд өнгөрсөн онд нэгджээ.

 

Холбоотой мэдээ