Хятадаас АНУ руу ховор металлын нийлүүлэлтийг сэргээхийг зөвшөөрсөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-06-07 11:26:36

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 7 /АР/. Хятадын удирдагч Ши Жиньпин АНУ руу газрын ховор элементүүдийн нийлүүлэлтийг сэргээхийг зөвшөөрсөн тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 6-ны өдөр Вашингтоноос Нью-Жерсийг зорин нисэж байхдаа ерөнхийлөгчийн онгоцон дотор сэтгүүлчдэд мэдэгджээ. 


Ши Жиньпин газрын ховор металлын нийлүүлэлтийг сэргээхийг зөвшөөрсөн эсэх тухай асуухад тэрбээр "тийм ээ, зөвшөөрсөн" гэж хариулжээ. Лондонд хийхээр төлөвлөж буй АНУ, Хятадын төлөөлөгчдийн уулзалтын тухайд хэлэхдээ "Бид Хятадын талтай хийсэн хэлэлцээнд маш сайн ахиц гаргасан. Бид тодорхой тайлбар авахыг хүссэн" гэсэн байна. 


Д.Трамп мөн Хятадын удирдагчтай утсаар ярилцсанаа дурдсан байна. Тэрбээр Бээжингийн талтай хүрсэн тохиролцооны тухайд ярихдаа "Энэ бол амаргүй хэлцээ ч гэлээ, бидэнд их хэмжээний ашиг, мөнгө, өөр олон зүйл авчрах тохиролцоо юм" хэмээн нэмж хэлжээ.


АНУ, Хятадын худалдааны асуудлаарх сайд нарын уулзалт зургаадугаар сарын 9-нд Лондонд болно гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн юм. Уг уулзалтад Америкийн талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Говард Латник, мөн худалдааны асуудлаарх хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн оролцогч Жеймисон Грир нар оролцоно. Д.Трамп, Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар ярих үеэрээ уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон байна.


АНУ, Хятадын худалдаа-эдийн засгийн асуудлаарх яриа хэлэлцээ тавдугаар сарын 10-11-нд Швейцарт болсон бөгөөд хоёр тал тавдугаар сарын 14-нөөс эхлэн харилцан тарифаа бууруулахаар тохиролцсон юм.

Холбоотой мэдээ