Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илгээлт илгээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-04 10:47:15

Монгол Улс, ОХУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илгээлт илгээжээ.

Илгээлтэд, "ОХУ-ын Гадаад Хэргийн сайд,  

Эрхэмсэг ноён С.В.Лавров танаа Москва хот

Эрхэм хүндэт Сергей Викторович,

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танай хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэе.

Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Монгол, Орос хоёр улсын урт хугацааны тогтвортой нягт хамтын ажиллагааны бат бэх үндэс суурь тавигдаж, манай хоёр ард түмэн ах дүүгийн харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан хүндлэл, хамтын бүтээн байгуулалт, түүхийн шалгуур давсан найрамдалт сайхан замыг хамтдаа туулж иржээ. Эрх тэгш, харилцан итгэлцлийн зарчимд суурилсан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа өнөөдөр стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад баяртай байна.

Монгол Улсад энэ оны 4 дүгээр сард Таны хийсэн албан ёсны айлчлалаар байгуулсан Монгол Улс, Оросын Холбооны Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь манай хоёр улсын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа цаашид улам бүр гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Эрхэм Сергей Викторович Танд болон танай хамт олонд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гүнээ хүндэтгэсэн,

ЦЭНДИЙН МӨНХ-ОРГИЛ

Улаанбаатар хот,

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр" гэжээ.

 

Холбоотой мэдээ