Оросын хөлөг онгоцуудыг түлшээр цэнэглэхээс татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-10-28 11:53:59

ЛОНДОН./BBC/.Сирийг чиглэн явж буй Оросын хөлөг онгоцуудыг түлшээр цэнэглэхгүй гэдгээ Мальта улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Тус улсын Валетта боомтод Оросын хөлөг онгоцууд орж ирэн түлш нэмж авах гэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа ийм мэдэгдэл хийжээ. Оросын хөлөг онгоцууд өмнө нь Испанийн Сеута боомтоос түлш авах гэсэн боловч испаничууд татгалзсан байна.

Мальта улс нь НАТО-гийн гишүүн биш, харин Европын Холбооны бүрэлдэхүүнд багтдаг юм.

Үүний сацуу, Оросын хөлөг онгоцууд Грекийн эрэгт очиж нэмэлт түлш авна гэсэн мэдээлэл ч байна. Дашрамд дурдахад, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх сарын 1-2-нд Грект айлчлах гэж байгаа юм.

Харин өөр нэгэн мэдээллээр, Оросын хөлөг онгоцууд Хойд Африкийн эргээс холгүй газарт явж буй нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудаас /танкер/ түлш авч байгаа бололтой.  

Цуваанд явж буй "Адмирал Кузнецов" гэдэг нисэх онгоц тээгч хөлөг онгоц нь Мурманскаас Газар Дундын тэнгис хүртэлх зайг туулахын тулд дор хаяж хоёр удаа түлшээ цэнэглэх хэрэгтэй болно. Энэ хөлөг онгоц 15-ны өдөр Оросын тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлгийн бүрэлдэхүүнд багтан Сирийн эрэг рүү хөдөлсөн байна. Уг бүлэг нь 2014 оноос хойших хугацаанд Европын эргийн орчмоор үзэгдэж буй хамгийн том цохилтын бүлэг бөгөөд Сирийн эрэгт байрласан Оросын цэргийн 10 хөлөг онгоц дээр нэмэлт хүч болон очиж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэхдээ, Оросын эдгээр хөлөг онгоцууд Сирид очсоныхоо дараа агаарын цохилтын ажиллагаанд оролцож магадгүй хэмээн сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.  

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ