Ноосны урамшуулал олгосноор үйлдвэрүүд татвараа нуун дарагдуулах боломжгүй болсон

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-10-26 10:40:08

Ховд аймгийн түүхий эдийн бизнес эрхлэгчдийн тэргүүн, түүхий эдийн бизнес эрхлэгчдийн “Ойрадын таван эрдэнэ” ХХК-ийн захирал Ж.Батсайхантай ярилцлаа. УИХ-ын 30 дугаар тогтоолын дагуу ноосны урамшууллыг олгох ажлыг анх удаа аймагтаа хэрэгжүүлсэн нь олон малчдын амьдрал ахуйд сайнаар нөлөөлсөн гэж иргэд үзэж байгаа юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Танай компани сумдтайгаа хэрхэн холбогдож ажилладаг вэ?

-Манай компани байгуулагдсанаас хойш 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд салбартаа тодорхой хэмжээний байр суурьтай, туршлагатай болоод байна. Санхүүгийн хувьд ч дансандаа бэлэн 100-200 сая төгрөгтэй, үйлдвэрүүдээс мөнгө санхүү нь орж ирэхээс өмнө өөрсдөө түүхий эдээ бэлтгэх боломжтой. Ажиллах хүчний хувьд сум болгонд салбартай, уг салбарууд нь сумынхаа ноосны 70-80 хувийг бидэнд бэлтгэн нийлүүлдэг. Компанийхаа суурийг сайн бэхжүүлэхийн тулд эдгээр салбаруудаа мөнгө санхүүгээр сайн хангадаг байх ёстой. Одоогоор сум бүрт 1-2 төлөөлөгч, нийт 45 хоршоо ААН манай компанид ноос бэлтгэн нийлүүлдэг.

-Хичнээн хүн ажлын байраар хангав? Нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Манай ажил бол улирлын чанартай. Зуны улиралд 40-50 хүнийг ажиллуулдаг. Бэлтгэн нийлүүлдэг сум бүрт ажиллаж буй төлөөлөгчдөө оруулбал 150-200 хүнийг ажиллуулдаг. Хөдөө орон нутагт амралтаараа ирсэн  оюутнуудыг сургалтын төлбөр, хувцас хунар, хэрэглээний мөнгөө аав ээжээсээ авалгүйгээр болгочихоосой гэдэг үүднээс  ажиллуулдаг.

Үйлдвэр дээрээ манай ажилчид өглөө тогтмол цагтаа ирээд өдөр ажил дээрээ хоол цайндаа ороод, халуун усандаа орчихдог. Ажилчдынхаа тав тухтай ажиллах орчныг л аль болох хангаж өгөхийг хичээдэг.

-Ноосны урамшуулал олгосноор  малчдын орлогод хэр нөлөөлж байна вэ?

-2011 оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын 221 тоот тогтоол, 2014 оноос Монгол Улсын  Засгийн газрын 394-р тогтоолоор малчин, мал бүхий иргэдийн хонь, тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгний урамшуулал олгож эхэлсэн. 2011-2015 оны хооронд  давхардсан тоогоор манай аймгийн 21,263 өрх 3147 тонн ноосыг үндэснийхээ үйлдвэрт тушааснаар 4 тэрбум 708 сая 500 мянган төгрөгний урамшуулалд хамрагдсан байна. Ингэснээр малчдын орлого зохих хэмжээнд нэмэгдсэн, үндэсний үйлдвэрлэл сэргэж хөл дээрээ зогсож чадсан.

Ноосны урамшуулал авч эхэлснээр малчдын амьдрал эрс өөрчлөгдсөн гэж боддог. Уг урамшууллыг бас бодлогын чанартай өгч байгаа. Өөрөөр хэлбэл яг цагаан сарын өмнө буюу малчид бэлэн мөнгөний хомсдолтой үед өгч байгаа нь цаг үеэ олдог. Манай аймгийн хувьд бүх сумын малчид уг ноосны урамшуулалд хамрагдаж байна.Дээд тал нь  80 сая төгрөгийн урамшуулал авдаг сум 8 сая төгрөгийг нь тухайн сумынхаа ОНХС-д өгдөг. Энэ нь эргээд сум орон нутгийнхаа хөгжилд ч хувь нэмрээ оруулж байна. Зөв зохион байгуулж чадах юм бол малчид, бизнес хоёуланд нь  ашигтай .

-Энэ жил хэдий хэмжээний  ноосны урамшуулал олгогдох вэ?

-Аймгийн  17 сумын 4982 өрх ноосны урамшуулалд хамрагдана. Үүнээс хонины ноос нийт 953,8 тн ноос тушааж 953 сая 851 мянган төгрөг төсөвлөгдсөн бол 53,8тн  тэмээний ноос тушааж 107 сая 633 мянган төгрөг, нийт манай аймгийн малчдад 1 тэрбум 61 сая 484 мянган төгрөг олгогдоно гэсэн үг.

Ноосны урамшуулал олгосноор үндэсний үйлдвэрүүдийг татвараа улсдаа 100 хувь төлөх боломжийг нь олгодог давуу талтай. Зарим үйлдвэрүүд татвараа нуун дарагдуулдаг байсан бол одоо урамшуулалд хамрагдсан ноосных нь хэмжээгээр татвараа төлдөг болсон. Засгийн газарт төлсөн татварын 40-50 нь эргээд малчиддаа очдог. Үндэсний үйлдвэрлэл хэр сэргэнэ эргээд малчдад очих ноосны урамшуулал нэмэгдэнэ гэсэн үг.

-Малын гаралтай түүхий эдийн үнэ ханш маш унаж байна. Та энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд гарах гарцыг юу гэж тодорхойлох вэ?

-Нэгд малаа эрүүлжүүлэх, хоёрд түүхий эдийн тал дээр Засгийн газар зөв бодлого баримталж, зарим түүхий эдийн гаалийн татварыг чөлөөлөх, боловсруулж гаргаж буй зарим түүхий эдийн судалгааг боловсронгуй болгох гэх мэт асуудлууд байж болно. Бүх түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх нь зохимжгүй. Харин арьс шир боловсруулдаг үйлдвэр Монголд хэд билээ. Ойрын хэдэн жилдээ гаалийн татвараас чөлөөлөх юм бол энэ салбар хөгжих боломжтой.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ