ОРХОН: “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 26 дахь удаагийн төгсөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-23 10:01:24

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 26 дахь удаагийн төгсөлтийн баяр боллоо.


Төгсөлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Т.Батмөнх, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Доктор О.Отгонбаяр, Ил уурхайн дарга, доктор, дэд профессор, ШУТИС-ийн Хүндэт профессор Д.Нямдорж, Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү болон тус сургуулийн эрдэмтэн багш нар, ШУТИС-ийн хүндэт профессорууд, оюутан сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн энэ хичээлийн жилийн намрын улирлын 26 дахь төгсөлтөөр уул уурхайн мэргэжил эзэмшин, инженерийн эгнээнд элсэн орж буй төгсөгчдөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх баяр хүргэн, эх орны хөгжил дэвшилд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллах үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм.


Энэ удаагийн төгсөлтөөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрөөр нийт 60 оюутан төгсөж, ШУТИС болон МУИС-ийн бакалаврын 32, магистрын 28 төгсөгч мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.


"Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд уул уурхай, инженер техникийн мэргэжлийн боловсон хүчний сургалтын шаталсан тогтолцоог хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаан, техник, уул уурхайн салбарт 12 мянга гаруй мэргэжилтэн сургаж бэлтгэсэн, материаллаг бааз, боловсон хүчин бүрэн хангагдсан сургууль юм. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 56 хувь нь энэ сургуулийн төгсөгч байдаг. Одоо 100 гаруй багш ажилтантай,1100 орчим  оюутантай, Кембрижийн хөтөлбөртэй дунд сургуультай, политехникийн коллеж, бакалавр, магистрын шаталсан сургалтаар үйл ажиллагаагаа явуулж байна.


Өнгөрсөн 2022 онд МУИС-ийн Орхон салбар сургуультай нэгдэж хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, сургуулиа сайн төгссөн оюутнууд Эрдэнэт үйлдвэрт батламжаар ажилд ордог уламжлал тогтсон шилдэг сургуулиудын нэг болтлоо өргөжиж байгаа юм. 


Холбоотой мэдээ