АНУ-д хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх нүсэр төслийг хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-01-22 15:47:45

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 22 /DW/. Хиймэл оюуны (AI) дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслийг АНУ-д хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт зарлан мэдэгдлээ.


Төслийг хиймэл оюуныг хөгжүүлэгч “OpenAI” компани, Японы “SoftBank” концерн, программ хангамжаар мэргэшсэн Америкийн "Oracle" компани хэрэгжүүлэх бөгөөд "Microsoft", "MGX", "Arm", "NVIDIA" компаниуд хамтран ажиллах ажээ. 


"Stargate" гэж нэрлэсэн энэхүү төслийн хүрээнд "манай улсын хиймэл оюуны дэд бүтцэд доод тал нь 500 тэрбум долларын хөрөнгө оруулна" гэж Д.Трамп Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ онцолсон байна. 


Төслийг хэрэгжүүлж эхэлснийг зарлах хэвлэлийн бага хуралд “OpenAI” компанийн ерөнхий захирал Сэм Альтман, “SoftBank”-ны тэргүүн Масайоши Сон, “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон нар оролцжээ. 


Төслийг хэрэгжүүлснээр 100 мянган ажлын байр бий болохын зэрэгцээ АНУ-ын "технологийн ирээдүй"-г аварна гэж Д.Трамп мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ "энэхүү түүхэн эхлэл бол шинэ ерөнхийлөгчийн үед Америкийн чадавхад бат итгэх итгэлийг яруу тодоор тунхаглаж байна" гэв.


Техас муж улсын Абилин хотод өгөгдөл боловсруулах төв барьснаар уг төсөл хэрэгжиж эхлэх ажээ. 

 


Холбоотой мэдээ