ОРХОН: Төрийн байгууллагууд хаягаа монгол бичгээр болгон өөрчилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдад үндэсний бичиг заах сургалтын хөтөлбөрийн дагуу аймаг, нийслэл дэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг түшиглэн сургагч багш нарыг бэлтгэсэн байна.
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, цахим бичвэр боловсруулах сургалтыг зохион байгуулж, улсын хэмжээнд 6200 гаруй хүнийг хамруулаад байгаа юм.
Орхон аймгийн хувьд Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв хамтран “Төрийн албан хаагчдад үндэсний бичиг заах сургалтын хөтөлбөр”-ийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш нарын тусламжтай анхан болон ахисан түвшний сургалтуудад албан хаагчдаа хамруулж байна.
Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлагыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд төрийн байгууллагууд манлайлан гадна хаягаа монгол бичгээр хийж эхэллээ. Орхон аймгийн хэмжээнд төрийн 96 байгууллага байдаг бөгөөд хамгийн түрүүнд Онцгой байдлын газар хаягаа шинэчлээд байна.