Д.Отгонсайхан: Амьтны чихмэл хийхдээ арьсыг нь зөв хуулж авахгүй бол бүтээлээ урлахад ажиллагаа ихтэй болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны
нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Чихмэлчин, чөлөөт уран бүтээлч Доржсүрэнгийн
Отгонсайхантай ярилцлаа. Тэрбээр Увс аймгийн музейд гурав дахь амьтны чихмэлээ
урлаж өгчээ.
-Чихмэл урлахдаа та
юуг чухалчилдаг вэ?
-Аливаа чихмэл хийхдээ тухайн ан амьтны эрсэдсэн шалтгаан,
гарал үүслийн бичиг нь тодорхой эсэхийг үндэслэж байж үзмэр хийдэг. Зүй бусаар
хорогдсон, эсвэл амьтанд бариулсан ан амьтдын арьсаар голдуу чихмэл хийж ирсэн.
Увс аймгийн музейд 2023 онд мануулын, 2024 онд ирвэсийн чихмэл хийж өгсөн. Энэ
он гараад хөл нь хугарсан халиун бугын чихмэлийг хийж өглөө. Би чихмэл хийхдээ
орчин үеийн арга технологийг ашигладаг. Тухайн амьтны арьсанд таарах тусгай загвар өөрөө бүтээгээд арьсаа үйлдвэрийн аргаар боловсруулсны дараа чихмэлээ урладаг.
Байгальд тухайн амьтан ямар өнгө, хэлбэр, дүрстэй оршдог, яг л тэр
дүрслэлийг бодитойгоор бий болгохыг зорьдог. Миний бүтээлүүд бодит юм шиг
болдог болохоор захиалга ч тасардаггүй.
Музейн үзмэрийн
зориулалтаар ашиглах ан амьтдын арьсыг үйлдвэрийн аргаар боловсруулж байж
чихмэл хийхгүй бол өт хорхойд баригдчих гээд байдаг сул талтай. Увсын музейд
хийж өгсөн халиун бугын нэг хөл нь хугараад гээгдсэн байсан тул өөр бугын
хөлөөр орлуулахаас өөр арга байгаагүй. Азаар өнгөрсөн жил Богд уулын
хамгаалалтын газрынхан бугын хоёр чихмэл хийлгэсний нэг нь зөвхөн их биенийх
байсан тул хөл нь надад үлдсэн байсан. Түүгээр л нөхөөд бүтэн болгосон доо.
-Нэг амьтны чихмэл
хийхэд хэдий хэмжээний хугацаа зарцуулдаг вэ?
-Тухайн амьтны овор хэмжээнээс хамаардаг. Том амьтдын
чихмэл хийхэд ойролцоогоор хоёр сар зарцуулдаг бол жижиг амьтдын чихмэл
урлахдаа нэг сарын хугацаа зарцуулдаг.
Хамгийн гол нь амьтны чихмэл хийхдээ арьсыг нь зөв хуулж авахгүй
бол дараа нь бүтээлээ урлахад ажиллагаа ихтэй болдог. Тиймээс чихмэл хийх амьтны
арьсыг өвчилгүй, махтай хэвээр нь над
руу явуулахыг санал болгодог. Доторх махны овор хэмжээнээс нь хамаарч тухайн
амьтны чихмэлийг хэрхэн бодитой, яг амьд юм шиг урлах арга ухаанаа тэндээс олж
авдаг.
Би ОХУ-д орчин
цагийн чихмэлийг урлах чиглэлээр сурч төгссөн. Монголд надаас өөр мэргэжлийн
амьтны чихмэлчин байхгүй. Их нарийн мэргэжил. Залуучуудад мэддэг чаддагаа өвлүүлэх
юмсан гэж бодож явдаг.
Дуртай ажлаа
хийж байгаа болохоор нэг их өндөр хөлс мөнгө нэхээд байдаггүй. Музейн үзмэрийг
ямар үнэлгээгээр хийлгэдэг, тэр л зарчмаар төлбөр мөнгөө авдаг.