Францад ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэн жагсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС./Cbsnews/. Францын нийслэл Парис хотод хэдэн арван мянган хүн жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохоос өмнө ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуулийг хүчингүй болгохыг шаарджээ.
Жагсагчид Эйфелийн цамхгийн ойролцоо ирснийхээ дараа жагсаалаа дуусгасан байна. Уг жагсаалд 24 мянга орчим хүн оролцсон гэж цагдаагийн газраас мэдээлсэн боловч зохион байгуулагчдын үзэж байгаагаар, 200 мянга орчим хүн жагсаалд оролцсон аж.
Тэд мөн ижил хүйстэн хосуудыг хүүхэдтэй болоход нь тусалж байгаа тээгч эхчүүдийг буруушаажээ.
Францад хүүхэд төрүүлэх боломжгүй эсрэг хүйсний хосуудад нөхөн үржихүйн аргуудыг хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд тээгч эхтэй байхыг хориглодог байна.
“Нэг эх, нэг аав” гэсэн гэр бүлийн уламжлалт загварыг дэмжих зорилгоор энэ жагсаалыг зохион байгуулсан бөгөөд энэ нь ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд нөлөөлнө гэж зохион байгуулагчид найдаж байна. Харин энэ жагсаалд сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч оролцоогүй аж.
Д.Нямтулга