Б.Обама Ангараг руу хийх аяллын талаар бичив

Дэлхийд | Сонин хачин
adiyakhuu@montsame.mn
2016-10-13 17:14:03

ВАШИНГТОН./TASS/. Вашингтоны засаг захиргаа хувийн компаниудтай хамтран 2030-аад оны үед Ангараг гараг руу жолоодлогот нислэгээр хүмүүсийг илгээхээр төлөвлөж байгаа тухай Ерөнхийлөгч Б.Обама СNN компанийн цахим хуудсанд бичжээ.

“АНУ-ын сансрын судалгааны түүхэнд шинэ хуудсыг нээхийн тулд 2030 он гэхэд хүмүүсийг Ангараг руу илгээж, тэднийг эх дэлхийд нь эсэн мэнд буцаан авчирна гэсэн маш тодорхой зорилтыг бид өмнөө тавилаа” гэж тэрбээр онцолсон байна.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хүмүүсийг аюултай, хортой нөхцөлд аж төрөх боломжийг хангах технологиудыг боловсруулж байгааг Америкийн Ерөнхийлөгч дурджээ.  

Тавхан жилийн өмнө Америкийн компаниуд арилжааны нислэгийн зах зээлээс ангид хол байсан бол одоо НАСА-гийн ачаар энэ зах зээлийн 1/3-нээс илүү хувийг эзлэх болсон гэдгийг Б.Обама онцоллоо. Одоогийн байдлаар, бүх 50 муж улсад 1000 гаруй компани сансрын арилжааны нислэгийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ. Тухайлбал, 9 дүгээр сарын сүүлчээр Илон Маскийн SpaceX компани Ангараг гараг дээр хүмүүсийг суурьшуулах төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.

Маскийн төлөвлөснөөр “Шатлл” хөлгөөс хоёр дахин том бөгөөд олон дахин ашиглах зориулалттай сансрын ийм хөлгийг зохион бүтээснээр нэг хүний аяллын зардал 200 мянган доллар болж хямдрах ажээ. Энэ хөлөг 100 хүний багтаамжтай бөгөөд 80 орчим хоног нисээд Ангараг гарагт хүрэх тул ийм урт аяллын үеэр зорчигчдыг уйдаахгүйн тулд тэдэнд кино үзүүлж, лекц уншиж, жингүйдлийн нөхцөлд тохирсон тоглоомоор зугаацуулах гэнэ.  

SpaceX-ийн төлөвлөж байгаагаар, Ангараг руу чиглэсэн зорчигчид суулгасан сансрын хөлгийн анхны нислэгийг 2022 онд хийж магадгүй аж.

Б.Адъяахүү  

 

Холбоотой мэдээ