Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд Их театрын дуучдын тоглолтоор эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-03 14:00:10

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2016” өнөөдрөөс эхэлж байна.

Энэ өдрүүдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Энх тайван найрамдлын байгууллага, Оросын Шинжлэх ухаан соёлын төв /ОШУСТ/-өөс хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Манай улсад  1952 оноос хойш 56 дахь удаагаа зохион байгуулж буй Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт маргааш Оросын Их театрын гоцлол дуучид болон УДБЭТ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор эхэлнэ.

Мөн Азийн орнуудын ОХУ-д төгсөгчдийн үндэсний холбооны чуулга уулзалт маргааш ОШУСТ-д болох юм. Чуулга уулзалтад Монгол, ОХУ, БНХАУ, Вьетнам, Балбын вант улс, Индонези зэрэг улсын 100 гаруй төгсөгч  “Төгсөгчдийн бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр ОХУ-д дээд боловсрол эзэмших хэрэгцээ, шаардлага, боловсрлын салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. 1921 оноос хойш ЗХУ-д сургууль төгссөн төгсөгч нийт 60 мянган төгсөгчийн 40 мянга нь амьд сэрүүн амьдарч байна. Монголын бүх эрдэмтдийн 60 гаруй хувь, инженер техникийн мэргэжилтнүүдийн 70 гаруй хувь нь ОХУ-д боловсон хүчин болон бэлтгэгдсэн байдаг гэдгийг Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаа хэллээ.

Хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд оюутан, сурагчдын дунд орос хэлний баяр,  ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын уран бүтээлийн үзэсгэлэн, Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, орос дуу дуулаачдын уралдаан, уран уншигчдын тэмцээн, Оросын киноны жилд зориулсан кинофестиваль зэрэг орос хэл, соёлын өдрүүдийн цогц арга хэмжээг  иргэдэд нээлттэй үнэ төлбөргүй зохион байгуулах юм.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, ОШУСТ-ийн захирал Е.Г. Михайлов хэлэхдээ, “Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод ирэх олон талт өгөөжтэй арга хэмжээг зохион байгуулна. Мөн Дорнод,  Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг хөдөө орон нутагт бүсийн цогц арга хэмжээ болно. Оюутан сурагчдын дунд  “Мөнхийн хөрш-сайн нөхөд” асуулт хариултын тэмцээн, “Манжерок” фестивалийн 50 жилийн ойд зориулсан “Найрамдал-Дружба” сэдэвт орос хэл соёлын өдрүүд, орос хэлний олимпиад гээд олон сайхан арга хэмжээнд оролцохыг урьж байна” гэв.

Найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын ажиллагаа ирэх сарын 08-нд уралдаан тэмцээнд шалгарсан хүмүүст шагнал гардуулах ёслол, Монгол-Оросын жүжигчдийн хамтарсан тоглолтоор өндөрлөнө.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ