АРХАНГАЙ: Цэцэрлэг хотын агаарын тоосонцрын дундаж агууламж их бохирдолтой гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-20 16:19:09

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын агаарын чанарын мэдээг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


MNS4585:2016 стандарттай харьцуулахад РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 1-70,83 мкг/м3 буюу их, РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 8.5-204,1 мкг/м3 буюу их бохирдолтой байна гэж гарчээ.


Өөрөөр хэлбэл, агаарын чанарын харуулын 3 дугаар сарын хоёрдугаар 10 хоногийн ажиглалтын дүнг үзэхэд агаар дахь хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламж 6,95 мкг/м3, хамгийн их агууламж нь 24 мкг/м3, азотын давхар исэл(NO2)-ийн дундаж агууламж 49,85 мкг/м3, хамгийн их агууламж нь 111 мкг/м3 байна.


Мөн РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 48,33 мкг/м3, хамгийн их агууламж нь 70,83 мкг/м3, РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 93,03 мкг/м3, хамгийн их агууламж нь 204,1 мкг/м3 байгааг мэдээллээ.


АГААРЫН БОХИРДЛЫН НАРИЙН ШИРХЭГТ ТООСОНЦОР (PM2.5; PM10) ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний үйл ажиллагааны үр дүнд болон байгалийн үзэгдлээр үүссэн агаар дахь хатуу тоосонцор, шингэн дуслыг нийтэд нь нарийн ширхэгт тоосонцор (Particulate matter-PM) гэдэг. Жишээлбэл тоос, тортог, чийгшил багтана. Нарийн ширхэгт тоосонцор (тухайлбал тортог) хатуу, шингэн түлшний шаталтаас (айлын яндангийн утаа, автомашины утаа, бусад) үүсдэг. Үүнийг диаметер буюу өргөнөөр нь РМ2.5 ба РМ10 гэж ангилна. РМ2.5 гэдэг нь нэг куб. метрт агуулагдаж буй 2.5 микрометерээс бага диаметертэй нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг хэлдэг.

Агаар дахь хүхрийн давхар исэл (SO2), азотийн оксид (Nox, NO2) гэх мэт химийн хийнүүдийн урвалын дүнд бас РМ2.5 үүсдэг ба үүнийг хоёрдогч нарийн ширхэгт тоосонцор гэж нэрлэдэг. Тиймээс эх үүсвэр болсон хийнүүдийн үүсэлтийг бууруулах нь РМ2.5н хэмжээг багасгах үр дүнтэй арга болдог байна.

Агаарын найрлага дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ихэсч, бохирдлын хэмжээнд хүрсэн тохиолдолд амьсгалын замаар орж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Өнөө үед агаарын бохирдол Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа. Агаарын бохирдлын найрлагаас РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор эрүүл мэндэд хамгийн аюултай ба бохирдолттой агаартай орчинд удаан хугацаагаар амьдрахад нас богиносох ялангуяа зүрхний өвчнөөр нас барах эрсдэл нэмэгддэг нь батлагдсан байна.

АШУҮИС-иас хийсэн судалгаагаар дараах үр дүнгүүд гарчээ

  • PM 2.5 нэгж 10-аар өсөхөд хүүхдийн IQ оноо 4-өөр буурна
  • Жирэмсэн эхийн уушгины гүнд орж цусруу орж ихсээр дамжин ургийн тархи бүрэлдэх явцад нөлөөлнө
  • Ургийн гажиг, дутуу төрөлт, жин бага байх бөгөөд түүнийг шүүхийн тулд ороолт, энгийн амны хаалт үр дүнгүй
  • Энгийн агаар шүүгч үр дүнгүй

Дараах аргыг Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор зөвлөжээ

  • Гэртээ Хепа шүүлтүүртэй агаар шүүгч хэрэглэх
  • Заавал амны хаалт зүүнэ, олон давхар шүүлтүүртэй, Н95 гэх мэт амны хаалт зүүх
  • Агаарын бохирдолтой үед гадуур явахгүй байх
  • Хоол хүнсэндээ биеийн хорт бодисыг саармагжуулах C, E витамины агууламж өндөртэй, омега-3-ын агууламж өндөртэй нэмэлт тэжээл, эсвэл хүнс хэрэглэнэ.
Холбоотой мэдээ