JAXA сарны аппараттай холбоогоо сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 27 /Kyodo/. Японы сарны аппарат дэлхийтэй холбоогоо сэргээж, Сарны гадаргуугийн шинэ зургийг авсан нь уг хөлөг өнгөрсөн сард газардсаныхаа дараа Сарны тэсгим хүйтэн шөнийг давж чадсаныг харууллаа гэж сансар судлалын JAXA агентлаг даваа гарагт мэдээлжээ.
“Өнгөрсөн
шөнө Сарыг судлах ухаалаг буугч аппарат /SLIM/ руу команд илгээж, хариу хүлээн авсан” гэж JAXA-гийн багийнхан X сүлжээгээр мэдэгджээ. Аппарат газардсан хэсэгт нэгдүгээр сарын сүүлчээр харанхуй болсон тул унтаа
горимд шилжээд байсан юм.
SLIM нь -170 хэм хүртэл хүйтэрч, хоёр долоо хоног орчим үргэлжилдэг Сарны шөнийг тэсвэрлэхгүй гэдгийг тус багийнхан өмнө нь мэдэгдэж байсан билээ. Харин нарны хавтан дээр нь нарны гэрэл тусаж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлснээр навигацийн камерын ажиллагаа даваа гарагт сэргэжээ.
Ням гаргийн оройны
19 цагаас хойш мэдээлэл хүлээн авсан тул SLIM ажиллаж байгаа нь
батлагдсан гэж JAXA мэдээлсэн байна. Харин зарим тоног
төхөөрөмжийнх нь температур
нарны гэрлийн нөлөөгөөр 100 хэмээс дээш халсан тул богино хугацааны дараа холбоо
тасарчээ.
Температур буурсны
дараа JAXA Саран дээрх эрдэс бодисыг
судлах чадвартай тусгай камер зэрэг тоног төхөөрөмжийн ажиллагааг баталгаажуулахаар төлөвлөж байна.
Япон улс нэгдүгээр сарын 20-нд ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа Саран дээр аппаратаа газардуулсан тав дахь орон болсон юм. SLIM газардах ёстой цэгээс 55 м-ийн зайд бууснаар өндөр нарийвчлалтайгаар газардах JAXA-ийн зорилгыг биелүүлжээ.
Нарны хавтангууд
нь Нар луу зохих ёсоор чиглээгүй байсны улмаас анх эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй байсныг үл харгалзан SLIM Саран дээр гүйцэтгэх даалгавраа үргэлжлүүлж, нэгдүгээр
сарын 31 хүртэл төлөвлөсөн ажлуудыг дуусгасан байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Саран дээр газардсан Энэтхэгийн “Чандраян-3” аппараттай Сарны шөнийн дараа холбоо тогтоож чадаагүй юм.