АРХАНГАЙ: Малчид он гарсаар 3000 орчим тн мах борлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын 20-ны байдлаар малчид мал эмнэлгийн нэгдсэн системээр дамжуулан мал эмнэлгийн гарал үүсэлтэй адууны мах 67.4 тн, тэмээний 1.6 тн, үхрийн 2229.0 тн, хонины 436.4 тн, ямааны 196.3 тн, нийт 2930.7 тн махыг борлуулжээ.
Мөн Засгийн газрын 233 дугаар тогтоолын хүрээнд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдах ажлыг аймгийн ХХААГ, Хөдөө аж ахуйн биржтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Хангай, Өндөр-Улаан, Тариат суманд нэгдүгээр сарын 7-20-ны өдрүүдэд зохион байгуулж, малчдын гар дээр байсан 19.1 тн үхрийн мах, 29.3 тн хонины, 9.8 тн ямааны, нийт 58.2 тн махыг 251.6 сая төгрөгөөр худалдан авсан байна.
Өөрөөр
хэлбэл, малчид он гарсаар 3000 орчим тн махыг Засгийн газар болон махны чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудад борлуулжээ.