Хилээр нэвтэрсэн зорчигчийн тоо 2.6 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-29 12:21:52

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр өнгөрсөн онд 5334.9 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 3318.6 (2.6 дахин ) мянгаар нэмэгджээ.


Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигч 2021 оныхоос 4691.5 (8.3 дахин) мянгаар, 2020 оныхоос 4018.8 (4.1 дахин) мянгаар тус тус нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн онд 2652.9 мянган зорчигч хилээр орлоо. Улсын хилээр орсон зорчигчдын 27.6 хувь нь Замын-Yүд, 26.3 хувь нь Чингис хаан,  12.5 хувь нь Гашуун сухайт, 10.9 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээхүрэн, 3.3 хувь нь Цагааннуур, 13.5 хувь нь бусад боомтоор оржээ. Тэдний 2008.8 (75.7 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 644.1 (24.3 хувь) мянга нь гадаад улсын иргэд байв.


Манай улсын хилээр өнгөрсөн онд гадаадын 644.1 мянган хүн орсон нь өмнөх оныхоос 343.5 мянга (2.1дахин) мянгаар нэмэгдсэн байна. Тэдний 88.9 хувь нь 30 хоног хүртэл, 0.3 хувь нь 60 хоногоос дээш, 2 хувь нь 90 хоног хүртэл, 8.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн аж. Улсын хилээр орсон гадаад зорчигчийн 54.4 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 40.5 хувь нь Европ, 2.8 хувь нь АНУ, 1.3 хувь нь Ойрх Дорнод, 0.7 хувь нь Өмнөд Ази, 0.3 хувь нь Африк тивээс иржээ. Мөн тэдний 34.2 хувийг ОХУ, 22 хувийг БНСУ, 21.7 хувийг БНХАУ, 3.3 хувийг Казахстан, 3.1 хувийг Япон, 15.7 хувийг бусад улсын иргэд эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.



Хилээр орсон жуулчдын тоо өнгөрсөн онд 594 мянга болсон нь өмнөх оныхтой харьцуулахад 307.7 мянгаар буюу 2.1 дахин нэмэгджээ. Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх онд зорчсон улсаар нь харьцуулбал, ОХУ-ын жуулчид 59.2 (38.6 хувь) мянгаар, БНСУ-ынх  86.1 (2.6 дахин) мянгаар, БНХАУ-ын 97.7 (9.7 дахин) мянгаар, Казахстан Улсынх  3 (17 хувь) мянгаар нэмэгдэв.


Манай улсын 2043.1 мянган (давхардсан тоогоор) иргэн өнгөрсөн онд гадаадад зорчсоноос 1382.1 (67.6 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оныхоос  952.7 (3.2 дахин) мянгаар өссөн бол  661 (32.4 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суух зорилгоор зорчиж, өмнөх оныхтой харьцуулахад 361.7 (2.2 дахин) мянгаар өсжээ. Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 1349.3 (66 хувь) мянга нь эрчүүд, 693.8 (34 хувь) мянга нь эмэгтэйчүүд, 141 (6.9 хувь) мянга нь хүүхэд аж.

 

Холбоотой мэдээ