ЗАВХАН: Сүргийн зохистой бүтцийг бий болгоход малчдын хичээл зүтгэл чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-04 16:11:04

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт мал сүргийн дотор ямаа 34.6 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн жилийн мал тооллогын дүнгээс үзэхэд сүргийн бүтэц тохиромжтой хэмжээнд байсан.


Тодруулбал, 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3721.1 мянган толгой мал тоолуулж, өнгөрсөн оноос малын тоо 34.1 мянган толгой малаар буурсан байна. Нийт тоолуулсан малыг өсөлт, бууралт, төрлөөр авч үзвэл адуу, үхэр, тэмээ тус тус өсөж, хонь, ямаа буурсан дүнтэй байна. 


Манай улсын хонь, ямааны харьцаа 1990 он хүртэл 75:25 буюу 3 хонинд нэг ямаа ногдож, зохистой харьцааг хадгалж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд сүргийн бүтцэд болон малын бэлчээр ашиглалтад зохистой энэ уламжлалт харьцаа алдагдсаар 30 орчим жил болж байна.


Тухайлбал, ямааны тоо толгойн мэдэгдэхүйц өсөлт 1993 оноос эхэлж, ноолуур үнэд орсонтой холбогдон 1994-2003 онд хонины тоотой ижил түвшинд болж, 2003-2009 оны ямааны тоо хонины тооноос давж, 2009-2015 онд хонины тоо толгойтой дүйцэж, 50:50 харьцаатай болсон байна. Бог малд хонь ямааны эзлэх хувь 2022 онд 54:46 харьцаатай байна.




Завхан аймгийн хувьд бог малд эзлэх хонь ямааны харьцаа 40:60 байна. Тиймээс мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд нэг малаас авах бүтээгдэхүүний хэмжээ, га-ийн ургацын хэмжээг нэмэгдүүлэх. Малын ноос, ноолуур, арьс шир, сүүний чиглэлээр боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх шаардлагатай байна. Малчин өрх бүр сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэн таван хошуу малтай байх, ашиг шим өндөртэй таваарлаг мал аж ахуйг хөгжүүлэх нь чухал байна. Ингэхэд малчин хүн бүрийн хичээл зүтгэл чухал.


Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд гарч байгаа өсөлт нь малын тооноос хамаарч байгаа бөгөөд цаашид нэг малын ашиг шим, чанарын үзүүлэлтэд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх.


Суурин болон бэлчээрийн хосолсон маллагаанд малчдын хөдөлмөрийг хоршуулах, бэлчээрийг усжуулах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтад чиглэсэн арга хэмжээ ихээхэн чухал юм. 2023 оны мал тооллогын эцсийн дүн гараагүй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ