ХӨВСГӨЛ: Угийн бичиг хөтлөлт 50 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-11 10:54:20

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, иргэдийг арга зүйгээр хангах, айл өрхүүдэд угийн бичиг хөтлөх ухамсар, хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилгоор “Ураг удам-2” аяныг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас өрнүүллээ.


Аянд тус аймгийн 17 сум идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцсон байна.


Өнгөрсөн онд зохион байгуулсан аяны хүрээнд 14623 өрх буюу нийт өрхийн 36,7хувь нь угийн бичгээ хөтөлж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 15 хувиар нэмэгдэж 50 гаруй хувь болсон байна.


“Ураг удам-2” аяны хүрээнд  Рашаант сумын соёлын төв тэргүүн байр, Хатгал тосгоны соёлын төв дэд байрт, Шинэ-Идэр сумын соёлын гуравт тус тус шалгарлаа.




Монголын ард түмний бүтээсэн түүх, соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл юм.


Ах дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг бөгөөд монголчууд ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сургаж иржээ.


Айл өрх бүрд заавал хөтөлдөг байсан түүхэн судар алдарснаас сүүлийн жилүүдэд цус ойртолтоос үдэлтэй өвчлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдсээр байна.


Иймээс иргэн бүр угийн бичгээ хөтөлж үр хойчдоо заавал өвлүүлдэг байхыг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас уриаллаа.

 

 

Холбоотой мэдээ