ЗАВХАН: Адууны эмчилгээ үйлчилгээ дэвшилд хүрсэн талаар мэдээлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-13 16:58:32

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Очирваанийн хүлэг морин спорт уяачдын холбооноос уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулж, баруун болон урд бүсийн 120 гаруй уяач, малын эмч нар оролцжээ.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улиастай, Тосонцэнгэл суманд зохион байгуулсан зөвлөгөөнд хурдан морины уяа сойлгын талаарх туршлага, ардын уламжлалт аргуудын талаар 200 гаруй уяач ярилцаж туршлагаа солилцжээ.


Түүнчлэн хурдан морины эрүүл мэнд, нэмэлт тэжээл эм бэлдмэлийн талаарх мэдээллийг Морьтон адууны төрөлжсөн эмнэлгийн ерөнхий эмч, доктор А.Наранбаатар өгсөн байна. Мөн үеэр тус эмнэлгийн эмч нар адуунд үзлэг оношилгоо хийж, малчид, малын эмч нарт зөвлөгөө өгчээ.



Зөвлөгөөний үеэр доктор А.Наранбаатар “Манай уяачид хурдан мориныхоо уяа сойлгын талаар арвин туршлагатай. Гэхдээ зарим уяач тухайн мориныхоо эрүүл мэнд, зан, онцлогийг мэдэж, шинжлэх ухааны эмчилгээ үйлчилгээг хийлгэдэг баймаар санагддаг.


Адуу өөрөө сэтгэхүйтэй. Бүх малаас адуу илүүтэйгээр стресстдэг. Үүнээсээ болоод янз бүрийн эмгэгүүд ходоодны шархтай болдог.


Тийм учраас бид зөвхөн эм тариа бэлдмэл хийхээс гадна тухайн адууныхаа сэтгэл зүйтэй илүү ажилладаг. Тухайлбал тайвшруулах, угааж цэвэрлэх, массажлах зэргээр сэргээх үйлчилгээг давхар үзүүлдэг.


Манайх 2017 оноос “Морьтон” адуу үржүүлгийн фермийг нээж, цэвэр азаргануудыг хүлээн авч үржүүлэг хийх үйлчилгээг эхлүүлсэн. 2019 оноос эхлэн хурдан морины хөлний яс хадах мэс ажилбарыг хийж эхэлсэн. Одоо адууны хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой, ходоод зэрэгт дурангийн оношилгоо хийж, уралдааны амжилтад сөргөөр нөлөөлөх залгиурын сөхүүр мөгөөрсний гажиг засах, хэвлийн хөндийг нээх зэрэг томоохон мэс ажилбаруудыг амжилттай хийж байна.


Хурдан морины хөлний гэмтлийн эсийн эмчилгээ буюу PRP-г олон улсын стандартын дагуу хийх, био химийн шинжилгээ авах зэрэг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлдэг” гэж уяачдад зөвлөгөө мэдээлэл өглөө.


Энэ зөвлөгөөнд урилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, Тод манлай уяач Д.Даваахүү уяаны эрдэм, орчин цагийн уяаны талаарх туршлагаасаа хуваалцаж, уяачдад зөвлөгөө өгсөн байна. Харин Төгс Буянт Жавхлант хийдийн хамба лам, аймгийн алдарт уяач С.Баяндорж буддын шашинд уяач хүний цээрлэх ёс, заншлуудаар илтгэл тавьсан байна. 

Холбоотой мэдээ